Монголд “Гаж”, “тэнэг” хуулиуд хэрэгтэй байна

“Гаж, тэнэг хуулиуд” гэсэн гарчигтай мэдээлэл интернэт орчин хаа сайгүй л тааралддаг даа. Гэхдээ манайхан л гаж, тэнэг гээд байгаа болохоос үнэн чанартаа бол гашуун сургажмааас үүссэн, цаашид өөрчлөх, хүчингүй болгох шаардлагагүй хуулиуд байгаа юм. АНУ-ын нэгэн мужид өвдөгнөөс дээш гарсан богино банзалтай бүсгүйчүүдийг автозамын хажуугаар явахыг хориглосон байдаг. Хүүхэн харж анхаарал алдсан жолооч нар удаа дараалан осол гаргаж, олон хүний аминд хүрснээс бол энэ хууль мэндэлснээс зайлахгүй. Хуулиар хориглож, дарвайтал нь торгож шийтгэхгүй л бол жарвалзсан охидууд замын хажуугаар гүйлдээд болохгүй байсан хэрэг.

Манайд ийм хууль гаргаагүйгээс болж осол гарч байгаа эсэхийг таашгүй. Гарсан ч жолооч хэлэхээсээ ичнэ. Гэхдээ азгүй тохиолдол боллоо гэхэд хэргийн эзэн богино банзалтай хүүхэн хохь нь гэчихээд яваад өгнө. Үнэндээ эмэгтэйн буруу ч гэж юу байх вэ. Нэн тэргүүнд жолоочийн хариуцлага юм чинь. Гэхдээ эр хүний төрөлх чанараа давдаг хэн байлаа. Ийм төрөлх зөнгөөс болж олон хүний амь нас үрэгдээд байхад гагц жолоочийг шийтгээд яваад байх ч хаашаа. Гай болсон богино банзлыг л замын хажууд өмсч явахгүй болгочихвол илүү дээр ч байж мэднэ. Бидний гаж гэж цоллоод байгаа хуулиуд иймэрхүү үндэслэл, учир начиртайгаар л гардаг байж таарна.

Тийм л учраас зарим шаардлагатай хуулиудыг нэн даруй гаргаж, гарчихсан журмыг хуульчлах шаардлагатай гэж үзээд байгаа юм. Франц улсад “гахайг Наполеон гэж нэрлэхийг хориглох“ хууль байдаг юм гэнэ лээ. ШӨХТГ-ын О.Магнай “Чингис” нэрийг архи, тамхи, элдэв шалдав бараанд оноохыг хориглох шийдвэр гаргасан. Үүнийг дуун дээр барьж аваад хууль болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол захын бизнесмэн нь “Журам бол юу юм бэ” л гэнэ.

Яг цаг үеийн жишээ гээд ярихад, тусламж гуйж аврал эрж байгаа хүнд туслаагүй бол гээд хариуцлагад татах хууль гаргаж ч болж л байна шүү дээ. Өмнө нь “Иргэний үүргээ биелүүлээгүй” гэж шийтгэдэг байсан гэсэн. Одоо байгаа юм уу бүү мэд. Байхгүй болоод л осолд орсон хүн зам дээр хэдэн цаг сууж, орон сууцны орцонд улайм цайм аллага үйлдэж байхад хэн ч туслаагүй хэрэг биз. Монгол хүний сэтгэлээс устаж үгүй болсон нинжин сэтгэлийг “гаж” хуулийн тусламжтай сэргээх гээд үзье л дээ.

УИХ-ын гишүүний санаачилсан "УИХ-ын гишүүн чуулган дээр босч зогсож байгаад үг хэлдэг болох" хуулийн төсөл байна. Маш хэрэгтэй хууль. Хариуцлагыг өндөржүүлж байна шүү дээ.  

Жил, жилийн наадмаар сэрэн босч ирдэг, наадмын үеэр мотоцикл унахгүй байх тухай сэдэв байна. Н.Түвшинбаяр аварга санаачилга гаргаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэмжиж байсан санагдана.  Энэ санаачлагыг бүр хууль болгоод баталчихаж болно. Бүрмөсөн хориглохгүй тодорхой бүсэд орж ирэхийг нь хориглоход болно. “Хужаа мотоцикл”-оос болж наадам жилээс жилд наадам биш болж байгааг бүгд л харж байна.   

“Үндэсний их баяр наадмын үеэр наадмын талбайд зөвхөн автомашин болон морийг тээврийн хэрэгсэл болгож ашиглахыг зөвшөөрнө”, гэх юм уу шууд “Наадмын хоёр хоногт наадмын талбайд мотоцикл унахыг хориглоно”гээд гаргачихаж болно. Олон хүний хөлс, нулимсыг барсан өдрийн зээлийг хуулиар хориглож бас болно. “Гаж” хуулийн тоо нэмэгдэнэ л биз. Гэхдээ гадныхан бол ингэж нэрлэхгүй л дээ. Асуудлыг шийдэх үүргээ гүйцэтгэнэ.

Тайландад дотоожгүй гэрээс гарах хориотой. Нүцгэн цээжтэй машин жолоодож бас болохгүй. Ямар ч тохиолдолд нүцгэн хөлөөрөө мөнгөн тэмдэгтийг гишгэж болохгүй. Түүн дээр дүрслэгдсэн хааныг доромжилсон гэж үзэж 15 жил шоронд сууна.

Дани улсад хэн ч байсан машинаа асаахын өмнө машин доогуураа тонгойж харах ёстой. Ямар нэг амьтан, эсвэл хүүхэд сэрүүн газар дугхийхээр шийдсэн байж магадгүй гэж ингэдэг. Энэ бол Монголд ч гэлтгүй аль ч улсад маш хэрэгтэй хууль мөн байх жишээтэй. 

Ингээд бодохоор аливаа зүйлийг хачирхаж, гайхаж, “гаж”, “тэнэг”-ээр нь дууддаг зан бидэнд л байдаг бололтой. Үнэндээ бол манайд тэр “гаж”, “тэнэг” хуулиуд нь хэрэгтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)