Хямралын үед хэрхэн амьдрах вэ

Дэлхий шинэ хямралын гараа руу явж байна гэж эдийн засгийн шинжээчид бичих боллоо. Манайд жишээ нь, хямарсан хямраагүй амьдрахад биш, амь зуухад л хүрэлцэх цалин өгдөг хэвээрээ байна. Ажилтнаа өлсгөж үхүүлэхгүй, цаашдаа ажлаа хийлгэхийн тулд идэш, уушинд л хүрэх цалин өгдөг гэсэн үг л дээ. Монголд ирсэн нэг гадаад хүн ингэж хэлсэн юм. Тэгэхээр Монголд амьдарна гэдэг дэлхийнх шиг мөчлөг ч байхгүй, байнгын хямралд амьдарч байгаа гэсэн үг. Тиймээс дэлхийн хямралын үед юу болсон, тэр үед яаж амьдарсан хүмүүс хожсон, хямрал ямар ашигтай вэ гэдэг асуултад хариу олохоор мэдээлэл түүснээ хүргэж байна.  

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа эргээд нэг харахад зарим нэг гайхалтай үр дүн гарсныг эдийн засагчид гайхан мэдэж гэнэ. Цаг хугацаа, шалтгаан, нөхцөл байдлын хувьд тэс өөр ч гэсэн тэр үеийн хямрал өнөөгийн хямралд зарим нэг нийтлэг тал байдаг юм байна л даа. Ингээд эдийн засгийн хямрал гэгч мангасын ашигтай талтай танилцацгаая.

Банкууд зээлээ хааж, нөхцлөө хатууруулах нь онцгүй зүйл л дээ. Гэхдээ лизингээр бараа бүтээгдэхүүн олгодог компаниуд нөхцлөө зөөлрүүлэх нь аятайхан шүү. Зах зээл дээр бэлэн мөнгөний хомсдол үүсэхэд машин, байр зэрэг мөрөөдөж байсан бүхнээ урьдчилгаа төлбөргүй /эсвэл маш бага хэмжээгээр төлж/ худалдаж авах боломж нээгддэг.

Одоо үед айл болгонд л томоо гэгчийн дэлгэцтэй зурагтнууд байдаг болсон. Хэрвээ энгийнээр бодоод үзвэл хямралын үе тохиосноор хүмүүс кино театр явахаа больж бүгд гэртээ кино үзэх ёстой мэт. Гэтэл 2008 оны хямралын үед кино үйлдвэрлэл жинхэнэ оргил амжилтаа үзүүлж, тасалбарын худалдаа есөн хувиар өсч байсан байх юм.

Ихэнх хүн мөнгө багатай байвал гэртээ сууж, гэрээсээ сэтгэл сэргээх ямар нэг зүйл олохыг хичээх нь жам юм. 2008-2010 оны хооронд төрөлт нэмэгдэх биш, бүр улаан шугамыг давжээ. Төрөлтийн энэ тэсрэлт одоо манай улсын сургуулийн өмнөх боловсролын салбарыг туйлдуулаад байгаа билээ. Манайх шиг хүн ам цөөтэй улсын хувьд энэ бол баяр л гэсэн үг.

Манай улсад ямар байдгийг мэдэхгүй. Дэлхий нийтэд бол архи, тамхины худалдаа таван хувиар буурсан гэнэ шүү. Нийгмийн дундаж давхаргынханд архи тамхи нь хямралын үед бол хэтэрхий үнэтэй зугаа болж хувирдаг байна. Харин нийгмийн ядуу хэсгийн хэрэглээ огт буурдаггүй гэсэн судалгаа зарим газар оронд гарсан байдаг нь сонин. Мөрийтөй тоглоомын газруудын орлого мөн багассан байдаг юм байна. 

Хямралын үед бүгд л идэж уухаа багасгаж, хатаасан шөл гэх мэтийн хүнсэнд их мөнгө зарцуулж эхлэх ёстой мэт. Гэвч бодит байдал дээр тахианы шөл гэх мэт бараа бүтээгдэхүүний борлуулалт буурсан сонин үзэгдэл гарсан байна. Савласан бүтээгдэхүүний худалдаагаар Европт тэргүүлдэг “Campbell's” компаниийн худалдаа долоон хувиар буурч, хувьцааны ханш нь 25 хувиар унаж байв. 

Харин эсрэгээрээ байгалийн цэвэр бүтээгдэхүүний борлуулалт 2008-2009 оны хооронд 20 хувиар өсчээ.

Ихэнх хүмүүс хямралын үед ядуус улам ядуурч, баячууд улам баяждаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл тийм биш, баячууд ч бас алддаг юм байна. Энд тэнд том компаниуд дампуурч байгааг бүгд л харж байгаа. Гэхдээ эдний ихэнх нь баялгаа дампуурлын хуулиар халхавчлан авч үлдэх санаатай байдаг гэсэн судалгаа ч байдаг юм байна.

Хүний дархлааны тогтолцоо хоол унд, амралтын дэглэм тогтмол байх үед л хамгийн дээд чадлаараа ажилладаг гэнэ. Тиймээс хооллох, амрах цагаа тогтмолжуулбал мөнгөө хэмнэж чадна. Хоолны цэсээ долоо хоногоор гаргаж, дунд нь тэжээл ихтэй ч хямд үнэтэй үр тариаг оруулчихад тун гэмгүй. Мөнгөн хэрэглээгээ байж болох хамгийн бага хэмжээнд барихад энэ арга нэмэр болно. 

Хямралын үед ямар дүрмээр тоглох вэ

Банкинд итгэх хэрэггүй. Банкны системийн хямрал гэдэг нь эдийн засгийн хямралтай нэг утгатай гэж шууд ойлгож болохгүй ч “мөнхийн дагуул нь” гэж ойлгоход ерөнхийдөө болно. Гэтэл “хэцүү цаг” ирэхэд хэрэглэнэ гэж хадгалж байсан мөнгө чинь гар дээрээ байлгаад байвал цаас болж ч мэднэ. Тэгэхээр мөнгөө яаж хадгалах нь зөв бэ. Үүнд мэдэхэд илүүдэхгүй хэдэн дүрэм байдаг аж.

-Хатуу валюттай хийх тоглоомд мэргэжлийн хүмүүс л хождог. Тиймээс валют болгох гэж яарсны хэрэггүй. Болголоо гэхэд маш мэдрэмжтэй байж, буцааж худалдах цагийг нь олох хэрэгтэй.

-Хэрвээ танд мөнгө байгаа бол алт, мөнгө, цагаан алт зэрэг үнэт ашигт малтмалыг худалдаж авах нь ашигтай. Учир нь эрсдэлтэй үед үнэт металлын ханш ямагт өсч байдаг. Шэхдээ энд нэг учир бий. Иймэрхүү метааллыг олж авлаа гэхэд жин, найрлага дээрээ “ажиллуулж” “шатах” эрсдэл өндөр.

-Мөнгө бол цаас. Хямралын үеийн алтан дүрэм бол энэ. 1990 ээд онд 200 хувийн инфляц гэж юу байдгийг монголчууд эрхбиш үзэж туулсан. Тиймээс удаан хугацаанд хадгалж болох, бас хэрэгцээ гарвал муугүй борлогдчих бараа болгож авах нь хамгаас чухал шүү.

Хямралын үед хэрхэх талаар маш олон зөвлөгөө байдгийн хамгийн энгийн нь энэ. Гэхдээ энэ зөвлөгөөг дагаад банкнаас мөнгөө татаж, консерв их хэмжээгээр худалдаж авуузай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манайд жишээ нь, хямарсан хямраагүй амьдрахад биш, амь зуухад л хүрэлцэх цалин өгдөг хэвээрээ байна. Ажилтнаа өлсгөж үхүүлэхгүй, цаашдаа ажлаа хийлгэхийн тулд идэш, уушинд л хүрэх цалин өгдөг

    0 0 Хариу бичих