АНУ Эрдоганыг Сирид геноцид хийх вий гэж санаа зовниж байна

Сирид дур мэдэн цэрэг оруулсан нь терроризмтэй тэмцэх ажилд холбоотны хувиар мөр зэрэгцэж явсан хоёр улсын харилцаанд үл ойлголцол үүсгэлээ гэж АНУ-ын өндөр тушаалын эх сурвалж мэдэгджээ.

Турк улс Сирид цэрэг оруулахыг АНУ эрс эсэргүүцэж байгаагийн цаад учир нь Аюулгүйн бүс байгуулж дүрвэгчдийг суурьшуулна, “Лалын улс“ бүлэглэлийг нэгмөсөн дарна” гэсэн сайхан нэргийн дор үндэстний цэвэрлэгээ явуулж мэднэ гэсэн болгоомжлолтой холбоотой юм. Мөн энгийн иргэд олноороо амь эрсдэнэ гэдэгт итгэлтэй байсан учраас хүчлэн хориглож байжээ.

Д.Трамп “Эдийн засгийг нь сүйрүүлнэ” гэж анхааруулсаар байхад Р.Т.Эрдоган тоогоогүй тул одоо Анкара барууны хоригт орох нь бараг л зайлшгүй болоод байна.

АНУ-ын төрийн өндөр албан тушаалын эх сурвалжийн хэлснээр, Турк АНУ-ын татсан улаан шугамыг даван Сирид цэрэг оруулснаар алан хядагчдын эсрэг хамтран тэмцсэн улс орнуудыг эрсдэлд оруулж байгаагаас гадна бүс нутагтаа ямар ч хамгаалалтгүй байдлыг бий болгосон гэнэ.  

Турк улс Сирид цэрэг оруулаад дөнгөж хоёр хонож байхад л энгийн номхон иргэд амь үрэгдэж байгаа талаар олон эх сурвалжаас мэдээлсэн нь АНУ-ыг болгоомжлол талаар байгаагүйг батална. Вашингтон Анкарад анхааруулж байсан ч тэд нэг талын шийдвэрээр Сирид цэрэг оруулсан. Тиймээс одоо АНУ хориг арга хэмжээ авах учиртай. Яг ямар хориг вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Д.Трамп Р.Т.Эрдогантай утсаар ярьж, цэрэг, зэвсэггүй бүс байгуулаад харуул хамгаалалтыг нь хамтарч хийе гэсэн санал тавьсан юм билээ. Эх сурвалж энэ талаар “Бидний санал хүлээгээд авчихаар тун дажгүй санал байсан” гэж онцолсон.

Харин Р.Т.Эрдоган саналыг хүлээж авалгүй, бие дааж ажиллана гэж зүтгэжээ. Тэгээд курдуудыг Сирийн гүн рүү 30 км л шахна түүнээс илүү гарахгүй гэсээр яриаг дуусгасан аж.Тиймээс Д.Трамд дайралттай холбоотойгоор үүсэх бүх үр дагаварыг өөрсдөө хариуцахыг нь сануулахаас өөрийг хийж чадалгүй утсаа салгажээ.   

“Энэ бүсийн аюулгүй байдал, өөр бусад олон асуудалд одоо ганц Турк л хариуцлага хүлээнэ” гэж эх сурвалж мэдэгдсэн. Бусад гэдэгт дүрвэгчдийг суурьшуулах болон түүнтэй холбогдон гарах бусад асуудлууд ч багтаж байгаа гэдэг нь ойлгогдож байв. Тэрээр хамгийн гол нь Д.Трамп Р.Т.Эрдоганд Сирид цэрэг оруулах зөвшөөрөл өгөөгүй гэдгийг ахин дахин хэлж байсан. Тийм ч учраас Туркийн талаас тавьсан олон хүсэлтийн нэгийг ч хүлээж аваагүй гэнэ. Ням гаригт утсаар ярихдаа хүртэл Р.Т.Эрдоган зарим асуудлаар тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг тавьсан, Д.Трамп хүлээж аваагүй аж.

Д.Трамп Туркийг Сирид цэргээ оруулна гэхэд эдийн засгийг нь сүйрүүлнэ гэж заналхийлсэн. Ямар тохиолдолд энэ заналхийлэлд хэрэгжихийг эх сурвалжаас асуухад “Үндэстэн ястны цэвэрлэгээ, геноцид. Энгийн иргэдийн эсрэг онгоц, их буу, ер нь ямар ч хэлбэрээр довтолсон бүгд цэвэрлэгээ хийсэнд тооцогдоно” гэсэн байна. Тэрээр “Бид байдлыг анхааралтай ажиглаж байна. Одоогоор ийм жишээ гараагүй байгаа” хэмээн энэ асуултад хариулжээ.  

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Туркийн дураараа эхлүүлсэн ажиллагааны асуудлаар өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан ч нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй юм.    

Р.Т.Эрдоган олон улсын зүгээс эрсдэл гэж харж байгаа “Лалын улс”-ын хоригдлуудын тухайд “Ар гэрийнхэн нь асуудал үүсгэхгүй бол Турк рүү шилжүүлж ч болох юм” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Туркийн довтолгоо эхэлснээс хойш 200 шахам мянган иргэн орон гэрээсээ дүрвээд байна.

Курдын “Улаан хавирган сар” байгууллагын мэдээлснээр, Турк улс довтолгоо эхлүүлснээс хойш энгийн номхон иргэд өдөр бүр амиа алдаж байгаа бөгөөд өнгөрсөн пүрэв гаригт буюу ганц өдөрт 11 энгийн номхон иргэн амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Teneg tureguud. Unen [email protected] uls yumaa. Ardchilaliin neren door Daranguilagch yaaj turdgiin boditoi jishee. Zaigaa barival taarna. Yun shuud nisleg misleg. Shuud nislegtei bolchuul manaihaas hun amitan hulgailaad salahgui biz. Osoltoin bee yaasan!

    0 0 Хариу бичих