Д.Сэргэлэн: Дурангийн мэс засал аюулгүй, чанартай, хүндрэлгүй зэрэг давуу талтай

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Д.Сэргэлэнтэй ярилцлаа.

Мэс заслын нэгдсэн тасгийнхаа талаар танилцуулахгүй юу. Ямар чиглэлээр иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай тасаг 2016 онд байгуулагдсан. Ерөнхий мэс засал, зүрх судасны мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий мэс засалд хэвлийн хөндийн бүх төрлийн нээлттэй ба дурангийн мэс засал бөөр, шээсний замын зарим мэс засал, ивэрхий нөхөх болон бүдүүн, шулуун гэдэс, элэг, цөсний замын мэс засал ордог. Эмэгтэйчүүдийн мэс засалд үргүйдэл оношилгоо, умай, умайн үзүүний хортой болон хоргүй хавдар, өндгөвчний уйланхайд хийгдэх мэс засал зэрэг хагалгаанууд багтана. 

Эмч ажилчдын тухайд 11 их эмч, хоёр сувилагч, хоёр үйлчлэгчтэй “Мөнгөн гүүр” эмнэлгийн томоохон тасгийн нэг. Мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлсэн зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй, анагаах ухааны доктор, магистр цолтой нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. Жилдээ 800 гаруй эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж мэс засал, эмчилгээ хийлгэдэг бөгөөд нийт хагалгааны 70-аас дээш хувийг дурангийн аргаар хийж байна. 2017 оны наймдугаар сараас нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Нийслэлийн хүн амд яаралтай мэс заслын тусламж үзүүлэх” тухай шинэчилсэн тушаал гарсны дагуу манай эмнэлэг Сонгинохайрхан дүүргийн ард иргэдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Мөн бусад дүүрэг болон хөдөө орон нутгийн иргэд “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн
эмчлүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлж байна. Манай тасаг нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш ард иргэдэд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийн тусламж үйлчилгээний хөнгөлөлт танай эмнэлэг дээр хэрэгждэг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгвөл?

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан 2019 оны тогтоолын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах зарим өндөр өртөгтэй мэс заслын эмнэлгийн хэрэгслийн хөнгөлөлтөд хувийн мнэлгүүдийг хамруулсан. Өмнө нь томоохон улсын эмнэлгүүд тус тусламж үйлчилгээг үзүүлдэг байлаа. Тодруулбал, өндөр үнэтэй мэс заслын аппарат, хэрэгслүүдийн үнийг хувь хүн төлөхөөр эдийн засгийн дарамт үүсдэг. Үүнийг улсаас буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөөд эмнэлгийн хэрэгслийн өртгийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сан, 25 хувийг иргэд төлж мэс заслын тусламж үйлчилгээ авч байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах юм. Тухайлбал, өмнө нь гар аргаар оёдол тавьдаг байсан бол одоо автоматаар үдэх, тайрагч багаж аппаратуудыг ашиглаж байна. Ингэснээр хагалгааны дараа гарах эрсдэл, хүндрэл буурч байгаа юм.

Хэчнээн төрлийн хагалгааны аппарат энэ хөнгөлөлтөд багтаж байгаа бол?

Манай эмнэлэг дээр гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэдэг өвдөг, түнхний хиймэл үе, хиймэл шөрмөс холбоос, нээлттэй болон дурангийн хагалгааны үед хэрэглэдэг автомат оёгч, тайрагч, эмэгтэйчүүдийн мэс засалд хэрэглэдэг давсаг сойх тор, захын судасны мэс заслын хэрэгслүүд гэх мэт өндөр өртөгтэй мэс заслын багаж хэрэгслүүд ашиглагдаж байна.

Та дурангийн хагалгааны талаар дурдсан. Иргэд сүүлийн үед цөсний хүүдийг дурангийн хагалгаагаар авхуулах нь элбэг болсон. Дурангийн хагалгааны давуу тал нь юу вэ?

“Мөнгөн гүүр” эмнэлэгт хийж байгаа цөсний хүүдий авах хагалгааны 90 хувь нь дурангийн мэс заслын аргаар хийгдэж байгаа. Монгол Улсад 1994 онд дурангийн мэс засал нэвтэрсэн. Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, улсын болон зарим хувийн эмнэлгүүдэд амжилттай хийгдэж ард иргэд үр дүнг нь мэдэрсэн. Цөсний хүүдийн хагалгааг дурангаар хийх нь илүү үр дүнтэй, хагалгааны дараа өвдөлт, шарх сорви багатай, хөдөлмөрийн чадвар түргэн сэргэдэг зэрэг олон ач холбогдолтой. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх дундаж ор хоног 1-2 хоног байдаг нь эдийн засгийн дарамт, ачаалал үүсэх сөрөг талуудыг багасгаж байгаа юм. “Мөнгөн гүүр” эмнэлэгт дурангийн ргаар хийж байгаа өөр нэг мэс засал бол мухар олгой авах мэс засал. Дурангийн аргаар мухар олгой авах хагалгааг ард иргэд үр дүн муутай, хагалгааны дараа хүндрэл ихтэй гэж ойлгодог. Гэвч дээр дурдсан дурангийн хагалгааны маш олон давуу тал бий. Гол асуудал нь нээлттэй хагалгааг бодвол илүү өртөг өндөртэй. Учир нь, дурангийн хагалгаанд хэрэглэгдэж буй багаж хэрэгсэл нь өндөр өртөгтэй байдаг юм. Сонирхуулахад, дэлхийд дурангийн хагалгааг эмэгтэй хүмүүс хөгжүүлсэн түүх байдаг. Яагаад гэвэл хагалгааны дараах сорви жижигхэн, мэдэгдэхгүй байдаг нь гоо сайхан талаасаа эмэгтэйчүүд голчлон дурангийн хагалгаанд ордог байсан учраас хөгжхөд нь түлхэц болсон. Ямар ч төрлийн мэс заслыг дурангийн аргаар хийлгэх нь илүү аюулгүй, чанартай, хагалгааны дараа тохиолдож болох зарим хүндрэлүүдээс урьдчилан сэргийлдэг давуу талтай.

Иргэд мэс засал хийлгэхдээ юунд илүүтэй анхаарах хэрэгтэй вэ?

Иргэд мэс заслын эмчид үзүүлэхээс айдаг. Хэрвээ мэс заслын эмчид үзүүлбэл хагална, зүснэ гээд дайрдаг гэдэг. Мэс засал бол маш хариуцлагатай процесс. Тухайн эмчлүүлэгчид мэс засал хийхээс өөр аргагүй үед л бид хагалгаа хийдэг. Түүнээс биш хүссэндээ, дуртайдаа заавал мэс засал хийх гээд байдаг юм биш. Гэхдээ мэс заслыг хаана хийлгүүлэх вэ гэдэг дээрээ маш сайн боддог байх ёстой. Иргэд мэс засал хийлгэхдээ өртөг мөнгийг нь хамгийн түрүүнд боддог. Түүнээс биш хүний нөөц, эмнэлгийн орчин, тоног төхөөрөмжийн чадамжийг нь харгалзан үздэггүй. Мэс заслын чадамжгүй газруудад хагалгаа хийлгэн хүндрээд ирэх тохиолдлууд бий. Тиймээс хэрвээ мэс засал хийлгэх шаардлагатай бол тухайн эмнэлгийнхээ хүний нөөц, орчин, багаж, тоног төхөөрөмж зэргийг харгалзан үзэж, шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Яг одоогоор Монгол Улсад 12 их сургууль их эмч бэлтгэж байна. Энэ дундаас ямар эмч бэлтгэгдэж байгааг хэлэхэд үнэхээр хэцүү. Өмнө нь огт эмч бэлтгэж байгаагүй сургуулиуд хүртэл бизнес хийн эмч мэргэжлээр оюутнуудыг сургаж байна. Өмнө нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Ач”, “Этүгэн” зэрэг тодорхой хэмжээнд олон жил болсон туршлагатай сургуулиуд хүний нөөц бэлддэг байлаа. Одоо ямар ч туршлагагүй бизнес, менежмент, гадаад харилцаа, эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан сургуулиуд зөвхөн мөнгөний төлөө залуусын эмч болох хүсэл эрмэлзэл дээр нь дөрөөлөн мэргэжлийн ур чадвар муутай боловсон хүчин бэлдэж байна. Үүнд эмч хүнийхээ зүгээс шүүмжлэлтэй ханддаг. Ингээд яриагаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэд агсны үгээр дуусгая. “Эмч хүний энэрэх ухаан, эмчийг хайрлах ардын сэтгэл хоёрын уулзвар дээр эрүүл мэндийн салбар тогтдог” юм шүү. Ард иргэд маань бидний ажилд хүлээцтэй хандаж, ойлгож, тусалбал ямар ч өвчин эмгэгийг хамтдаа даван туулах боломжтой. Бид хэзээ ч хоорондоо дайсагнаж болохгүй, ингэх л юм бол үйл ойлголцол үүсч өвчинд хамтдаа ялагдах болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. дурангаар боломжгүй том чулуутай гэдэг иймд хагалгаа хийнэ биздээ.

    0 0 Хариу бичих
  2. найздаа амжилт

    0 0 Хариу бичих
  3. Ur chadvar ondor mash sain emchdee amjilt husie.

    0 0 Хариу бичих