Он гарсаар гэмт хэргийн улмаас 25.6 мянган хүн хохирчээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сард 26.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2236-гаар буурчээ.

Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад хулгайн гэмт хэрэг 3144, дээрмийн гэмт хэрэг 512, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 929-өөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин залилах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 305, мал хулгайлах 584, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 110, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 49, хүрээлэн байгаа орчны эсрэг 6, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 80-аар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний есөн сард 225.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 32.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 93.3 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 8.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний есөн сард 25.6 мянга болж, 1327 нь 18 хүртэлх насны хүүхэд, 11.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 9 сард 6.6 мянган хүн гэмтэж, 823 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 141-ээр буурч, нас барсан хүн 95-аар өссөн байна.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2019 оны эхний есөн сард 122 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурсан байна. Мал хулгайн гэмт хэрэг 2019 оны эхний 9 сард 1269 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 4.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 584-өөр өсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)