Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын 3.3 хувийг эзэлж байна

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт”-ыг зохион байгуулж байна. Статистикийн мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103,6 мянган иргэн байгаа ба энэ нь нийт хүн амын 3,3 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх нийгмийн буруу ойлголт олны дунд зонхилдог бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцооны дутмаг байдлыг үүсгэж байна гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн үйл ажиллагаанд тэгш хамруулах тухай олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн, динамик, өндөр оролцоотой, интерактив арга барил юм байна. Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт нь хөгжлийн бэрхшээл, түүний талаарх гүн гүнзгий ойлголтыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн тэгш оролцоог хангахад шаардлагатай өөрчлөлтийн үндсэн арга хэрэгслийг танилцуулах зорилготой ажээ.

Сургалтын сургагч багшаар Ирланд улсаас хөгжлийн бэрхшээл, тэгш байдлын олон улсын зөвлөх Маурин Гилберт хүрэлцэн ирсэн бөгөөд сургалтад НҮБ-ын ажилтнууд, олон улсын байгууллага, боловсролын салбарын 20 гаруй төлөөлөл оролцож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)