Он гарсаар 58525 хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сард 58081 эх амаржиж, 58525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488-аар, төрсөн хүүхэд 563-аар тус тус өсжээ. Харин нас баралт 12723 болж, өмнөх оны мөн үеэс 177-гоор буурчээ.

Энэ оны эхний есөн сард 1000 хүнд ногдох төрөлт 17.8, нас баралт 3.9, ердийн цэвэр өсөлт 13.9 байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал 4.4 хувь нь 20 хүртэлх насны, 91.8 хувь нь 20-39 насны, 3.8 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Амаржсан эхчүүдийн 1.4 хувь нь боловсролгүй, 4.9 хувь нь бага, 13.5 хувь нь суурь, 37.2 хувь нь бүрэн дунд, 6.0 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 36.3 хувь нь дипломын болон бакалаврын, 0.8 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 52.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 45.9 хувь нь гэрлээгүй (гэрлэлтээ батлуулаагүй), 1.4 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна.

Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр тус тус буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.5-3.2 пунктээр дээгүүр, харин Өмнөговь аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-9.3
пунктээр доогуур байна. 1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.4 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.8 пунктээр доогуур байна.

Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.8-3.1 пунктээр дээгүүр, харин Өмнөговь аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-8.3 пунктээр доогуур байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)