Засгийн газар: Дөрвөн жилд 1800 км авто зам барина

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцжээ.  

Ирэх дөрвөн жилд эрчим хүчний чиглэлээр эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөх, Тавантолгойд дулааны цахилгаан станц, 10 аймгийн төвд дулааны станц барих зэргийг тусгажээ. Тэгвэл зам, тээврийн чиглэлд Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна. Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхэлнэ. Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн 2021-2025онд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах гэнэ. Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбар байгуулах болон бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байна.

Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)