Сая жуулчин авах зорилтоо 1.5 сая болгов

Монгол Улс 2020 он гэхэд сая жуулчин хүлээн авч, энэ салбараас тэрбум ам.долларын орлого олох зорилт тавиад хэдэн оныг үдэж байна. Тодруулбал, Монгол Улс анх 2015 онд гэхэд сая жуулчин мөрөөдөж байлаа. Гэвч биелээгүй тул хугацааг сунгаж, 2020 онд сая жуулчин хүлээн авч, 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наядын орлого олохоор төлөвлөсөн. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “2020 он гэхэд гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байна. Ийм боломж ч бий. Монгол Улсынхаа талаар таагүй мэдээлэл гаргах болгонд ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид сайхан байгаа гэж хэлж чадахгүй ч дэвшил ахиц гарч байна. Аялал жуулчлалын бүсүүдэд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байгааг хэлье. Мөн гадаадын жуулчдыг хүлээн авахад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд салбар яам, Засгийн газрын 2019-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх заалтын дагуу энэ жил аялал жуулчлалын есөн ажлын байранд орон даяар үнэ төлбөргүй сургалт хийгээд явж байна. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хэлмэрч үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад байна” гэсэн байдаг.

Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 477.9 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 46.2 мянгаар өссөн тоо аж. 2017 онд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 470 мянгад хүрч, салбарын орлого 400 мянган ам.долларыг давсан. Харин 2018 онд 10 гаруй хувиар өсөж, 529 мянгад хүрч, хөрөнгө оруулалт нь 569 мянган ам.доллар хүрч даруй 30 гаруй хувиар өссөн. Энэ нөхцөл байдлаас харвал 2020 онд Монгол Улсад ирэх жуулчны тоо зорьсон саяд хүрэхгүй. Гэсэн ч Монгол Улс сая жуулчин хүлээн авах зорилтоосоо буцахгүй. Харин ч ирэх дөрвөн жил буюу 2021-2024 онд 1.5 сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэхээр зорьжээ. Үүнийг  өнөөдөр болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын урт болон богино хугацааны зорилтыг хэлэлцэх үеэр шийдвэрлэсэн байна. Сая жуулчны мөрөөдөл 2020 ондоо биелэхгүй ч өмнөх жилүүдийн жуулчдын өсөлтийг харахад ирэх дөрвөн жилдээ бол биелэнэ. Харин 1.5 сая жуулчны зорилт бол дараагийн дөрвөн жилийн зорилт гэлтэй. Гэхдээ жуулчин хүлээн авах зорилт, орлогоо нэмэгдүүлж байгаа бол жуулчин ирэхэд саад болоод байгаа асуудлаа цэгцэлц, ирэх нөхцөлийг нь бүрдүүлэх нь нэн тэргүүний шийдэх зүйл юм. Монгол Улсад жуулчин ирдэг хамгийн оргил үе буюу наадмын үеэр л гэхэд Төв цэнгэлдэхийн суудлын хүртээмжгүйгээс бол 10 мянган жуулчин буцаах, аялалын өртөг өндөр, тийз захиалах, нислэгийн цаг хомс зэргээ шийдэх л хэрэгтэй. Монгол Улсад жуулчин хүлээж авахад тулгарч буй бэрхшээлийн талаар БОАЖЯ-ын Аялал жуулчлал, бодлогын зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Жуулчин авахад Монгол Улсад хоёр бэрхшээл байгаа. Нэгдүгээрт, агаарын тээврийн орцын асуудал хүртээмжгүй байгаа байдал. Үүнийг нэмэхгүйгээр жуулчны тоо нэмэгдэх боломжгүй. Хоёрдугаарт, визний асуудал. Одоогоор 20 орчим улсын иргэд визгүй зорчиж байгаа. Визийг хилийн ойролцоох газарт олгох зохицуулалт хийх хэрэгтэй” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хамгийн гол нь онгоцны билетээ хямдруулж, хөдөө ОО-ийн асуудлаа шийдчихвэл ямар ч асуудалгүй.

    0 0 Хариу бичих
  2. Ацаараа сая жуулчин авах вэ дээ? Хуцваа

    0 0 Хариу бичих
  3. Ulger

    1 0 Хариу бичих