MNS 5216:2016 стандарт шаардлагад ахуйн зуух ашиглахыг зөвлөжээ

Нийслэлд намрын сэрүү орсноос хойш 7 иргэн ахуйн нөхцөлд угаарын хийнд хордож нас бараад буй. Энэ нь шахмал түлштэй холбоотой эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгасан бөгөөд дээрх золгүй тохиолдлууд иргэд пийшин зуухныхаа битүүмжлэл, чанар стандартыг хангаагүйгээс болсон гэдгийг тогтоосон аж. Тухайлбал, яндангийн хаалт хавхлагаа бүрмөсөн хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж угаарын хий ялгаруулсан нь иргэдийн амь насанд хүрчээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд юуны өмнө пийшинг, зуухныхаа бүрэн бүтэн байдал, стандартыг сайтар хангахыг иргэдэд анхааруулж байна. Тухайлбал MNS 5216:2016 стандарт шаардлагад нийцсэн ахуйн хэрэглээний зуухыг хэрэглэхийг зөвлөмж болгож буй юм. 

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авсан хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд “Гэрийн зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэн сайжруулах зөвлөх үйлчилгээ” ажлыг ШУТИС-ийн Зуухны туршилт, судалгааны төвийн зөвлөх баг 2016-2017 онд гүйцэтгэжээ. Энэ хүрээнд стандартын төсөлд гол оролцогч талууд болон холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн албан ёсны санал, шүүмж, зөвлөмжүүдийг нэгтгэн тусгаж MNS 5216: 2016 “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” стандартын эцсийн хувилбарыг боловсруулж СХЗГ-рт 2017 оны  нэгдүгээр сард хүргүүлж эрчим хүчний стандартчилалын техникийн хороо болон үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцүүлж батлуулсан юм байна.
Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 2-р бүлгийн 4.1, 6.2-т заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрийн буюу ахуй хэрэглээний зууханд хобогдох стандартуудыг шинэчилснээр гэр хорооллын айл өрхийн халаалтын хэрэгслээс ялгарч байгаа агаар бохирдуулдаг бодисын хэмжээнд тавигдах шаардлага өндөрсөж, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болжээ. 

Эдгээр зуухыг хаанаас худалдан авч болохыг доорх жагсаалтаас харна уу. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)