Засгийн газрын агентлагийн тоо ойрын үед хоёроор нэмэгдэх нь

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тодруулбал, Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслүүд юм.

Засгийн газрын агетлагийн тоог нэгээр нэмж, Усны газрыг дахин байгуулна

Дээрх хуулийн төслүүдээс гадна нэг тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн барьжээ. УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолын хавсралтааар төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталж байсан юм. Уг тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Усны газрыг дахин байгуулах юм байна. Хэдэн жилийн  өмнө Усны газар хэмээх агентлаг үйл ажиллагаа явуулдаг байлаа. Гэвч тус агентлагийг “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Харин одоо буцаагаад Усны газар болгох аж. Усны газрыг дахин байгуулснаар Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежементийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. .

Усны газрыг дахин байгуулахаас гадна УИХ яг одоо дээрх тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Худалдан авах ажиллагааны газрыг дахин байгуулах Засгийн газрын саналыг хэлэлцэж байгаа. Үүнээс үзвэл Засгийн газрын агетлагийн тоо удахгүй хоёроор нэмэгдэх бололтой.

Байгаль орчны багц хууль ба сайдын эрх мэдэл

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг гарах бүрт тус салбарын сайдын нэр холбогддог. Учир нь, амьтан агнах, барих, зарим ургамлыг түүх гэх мэт зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд олгодог. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ямар олон зөвшөөрөл олгодог, тухайн зөвшөөрлийнхөө гэрээний загварыг өөрөө баталдаг болох нь багц хуулийн төслүүдээс харагдаж байна. Байгаль орчны багц хуулийн төсөлд лав л салбарын сайдынх нь дангаараа шийдвэрлэх 12 асуудал багтжээ.

  1. Амьтан ашиглах гэрээний загварыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  2. Нэн ховор амьтныг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
  3. Үйлдвэрлэлийн зориулалтаар амьтан агнах, барих гэрээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн гишүүн батална.
  4. Ахуйн зориулалтаар загас барих журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  5. Агнуурын амьтны зүйлийн жагсаалт, ахуйн болон тусгай зориулалтаар  агнах, барих хугацаа, ахуйн зориулалтаар зөвшөөрөл олгох журмыг шинжлэх ухааны байгууллагын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  6. Ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгож болох бөгөөд агнуурын амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийн загварыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  7. Байгалийн ургамлыг нөхөн сэргээх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  8. Ойн мэргэжлийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу магадлан итгэмжлэлд хамрагдах бөгөөд магадлан итгэмжлэх журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  9. Ойгоос мод бэлтгэх гэрээ,  технологийн карт, эхлэл, төгсгөлийн акт, мод тээвэрлэх хяналтын хуудас, бэлтгэх модны санал ирүүлэх хүснэгтийн загварыг  байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  10. Орчны бүсийн зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  11. Орчны бүсийн сангийн үйл ажиллагааны журмыг санхүүгийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
  12. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах аргачлалыг байгаль орчны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэчнээн зөвшөөрөл олгоно тэр хэмжээгээрээ аливаа хууль бус асуудалд хардагдана. Гэвч энэ бүх зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд олгохоос өөр аргагүй байдаг бололтой.

Олон улсын байгууллага болон урд хөршөөсөө ашиг хүртэх боломж

Байгаль орчны багц хуулийн төсөлтэй хамт Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах хэлэлцээр соёрхон батлах тухай, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, бүс нутгийн ойн салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар төсөл хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх боломж нээгдэх юм байна. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь 2012 оноос хойш гишүүн орнууддаа 300 мянгаас 2.5 сая ам.долларын төсөвтэй 30 гаруй төслийг санхүүжүүлжээ. Манай улс тус байгууллагад гишүүнээр элссэн тохиолдолд санхүүжилт авч, ойгоо хамгаалах, нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэх ажээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хятад хэл дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны жагсаалтад орох аж. Ингэснээр БНХАУ-аас дэлхийн аялал жуулчлалын болон бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ нэмэгдэх бөгөөд Монгол Улс хөрш орны хувьд эдгээр төсөл хөтөлбөрүүдээс үр ашиг хүртэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)