Тав дахь үеийн таваргаан

Гар утас монголчуудын амьдралд хувьсгалт өөрчлөлт авчирсныг бид түүнийг өдөр тутам, тасралтгүй хэрэглэж байгаа мөртлөө анзаардаггүй. Гар утас бидний оршин тогтнохын бүрэлдэхүүн хэсэг нэгэнт болчихсон учир хэн ч өнөөдөр амьдралаа тэр утасгүйгээр төсөөлж чадахгүй боллоо.  

Тэгвэл энэ хувьсгалын хөдөлгөгч хүч нь харилцаа холбооны өрсөлдөөнт зах зээл, тасралтгүй дэвшин хөгжиж буй тоон мэдээлэл дамжуулах технологи юм. Монголын гар утасны анхны оператор компани Мобиком 1996 онд ажиллаж эхэлснээс хойш Скайтел, Жи-Мобайл, Юнител зэрэг компаниуд байгуулагдан, энэ зах зээл дээр өрсөлдөж монголчуудад үйлчилгээ хүргэсээр байна.

Одоо дараагийн үе - 5G ирж байна. Энэ үеийн технологийг Монгол улс хэзээ ашиглаж эхлэх вэ, гайхамшигт шинэ боломжуудыг ашиглахад бид бэлэн үү, энэ үеийг 4G-гээс өгөөжтэй, авхаалжтай ашиглах ямар арга зам байна вэ?

Харилцаа холбооны технологийн үеүд

Харилцаа холбооны технологид огцом өөрчлөлт гарч хүмүүний амьдралд хувьсгал хийсээр байна. Энэ үсрэнгүй өөрчлөлтийг 1G, 2G, 3G, 4G гэж үе үеэр нь нэрлэдэг. Утасгүй холбооны технологийн эдгээр үеүд нь мэдээлэл дамжуулах хурд, технологи, давтамж, чадлаараа эрс ялгаатай. 1G нь аналоги систем буюу зөвхөн дууг, 2G тоон системд шилжиж, дуунаас гадна үсэг (message) дамжуулдаг болов. 3G нэмж дүрс (video), харин 4G болохоор интернет оруулж ирсэн бөгөөд шинэ үе бүр шинэ бүтээмжийг дагуулсан. 

Харин одоо зарим оронд хэрэгжүүлж эхэлсэн, төдөлгүй монголд орж ирэх дараагийн үе - 5G технологи бидний төсөөлж байгаагүй, өргөн боломж олгох ажээ. Энэ бол бүх зүйл интернеттэй (Internet of Things) холбогдож, төхөөрөмжүүд хоорондоо хүнгүйгээр харилцан, ойлголцож, үйлдэл хийж, замын хөдөлгөөнд жолоочгүй машин хэрэгслүүд оролцож, мэс заслыг робот хийх зэргээр хиймэл оюун ухаан хүний олон ажлыг орлон гүйцэтгэх шинэ эрин ирж байна гэсэн үг. 

Тав дахь үеийн сүлжээ бол маш өндөр хурдтай, мэдээлэл дамжуулах хоцролт багатай, тогтвортой холболттой учир өмнөхөөсөө давуу талтай. 4G-гийн дохионы давтамж нь дээд тал нь 2.4 GHz (Херц гэдэг нь нэг секундэд давтагдах долгионы үеийг хэлдэг), харин 5G нь 3.5 – 24 GHz хүрдэг. Жишээ нь, ойролцоо яваа машины хурдны өөрчлөлтийг таны машин 4G-гээр дамжуулахад 15-25 секунд, харин 5G-гээр 1 миллсекундын дараа, бараг зэрэг мэдэрнэ. Гэхдээ 24 GHz, өндөр давтамжтай 5G-гийн долгион нь 100 метрээс хол зай туулж чаддаггүй учир маш олон дамжуулах станц барих шаардлагатай юм. Өмнөд Солонгос улс 2019 оны 4-р сараас анх 5G сүлжээг өргөн хүрээнд ашиглаж эхэлсэн бол АНУ, БНХАУ, Япон зэрэг улсууд энэ зах зээл рүү хүч түрэн орж байна.

Боломж ба Монгол

Монгол шиг далайд гарцгүй орны шинэ үед дэлхийн зах зээл дээр гэрээсээ гарах өргөн боломж ороод ирж байгаа хэрэг юм. 5G-гийн хэрэглэгч гар утсандаа датаг одоогийнхоос дор хаяж 30 дахин хурдтай хүлээн авч, сэтгэл ханамж өндөр болно. Мөн бүхий л төхөөрөмж сүлжээнд холбогдсоноор, асар их хэмжээний мэдээллийг авах, дамжуулах, хадгалах, боловсруулах боломж бүрдэнэ. 

Олон тоног төхөөрөмж сүлжээнд холбогдоход бүх үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт автоматжуулалт өрнөнө. Тодруулбал, DBS Group-ын судалгаагаар дэлхий даяар 2018 онд интернеттэй холбогдсон 11 тэрбум тоног төхөөрөмж байсан бол, 5G-гийн ачаар 2030 он гэхэд 125 тэрбум болох гэнэ. Энэхүү автоматжуулалт нь бүтээмжийг нэмэгдүүлж, ашгийн үзүүлэлтүүдийг 9 хувиар өсгөх гэнэ.

Монгол улсад 5G технологи одоо байгаа дамжуулах станцаас 10 дахин олныг барих шаардлага гарах учраас 4G-тэй харьцуулахад бараг 10 дахин их хөрөнгө оруулалт шаардана. Монголд 80,000 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 60,000 нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ба ажиллах хүчний 43%-ийг ажиллуулж, экспортын ердөө л 2.3 хувийг бүрдүүлдэг. Тиймээс 5G-г том аж ахуй нэгжүүд нь ашиглаж, харин ЖДҮ нь хоцрох магадлал өндөр.

Нөгөө талаас монголчууд худал, хуурамч мэдээллээс өөрсдийгөө хамгаалж чадахгүй байгаа. Асар их мэдээллийн сан руу үсрэхээсээ өмнө бид хувь хүний болон улс орны аюулгүй байдалтай холбоотой мэдээллээ яаж хамгаалах тухай учраа олж, хууль журмаа хэрэгжүүлэх шаардлагатай даа.

Хөрөнгө оруулалт ба цаг хугацаа

Монгол улсын үүрэн холбооны дөрвөн оператор тус бүртээ өөр өөрийн дэд бүтэц байгуулж ирлээ. Энэ нь хувьдаа зам бариад зөвхөн өөрийнхөө машиныг явуулахтай адил бөгөөд тийм ч учраас хэрэглэгчийн төлбөр буурч чадахгүй байна. 4G технологийг оруулахад Юнител компани дангаараа 2016 оноос хойш 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн учир түүнийгээ нөхөхөд хугацаа шаардлагатай. Мобиком ч бас адил. Харин 5G сүлжээний дэд бүтцийг яавал хурдан, хэрэглэгчид харьцангуй хямд хүргэх талаар Монголын нийгэмд ярилцах шаардлага гарч байна. Өнөөг хүртэл явсан хэлбэрээ үргэлжлүүлнэ гэвэл асар том хөрөнгө оруулалт өгөөжгүй, зардал улам бүр ихсэж, технологийн шинэчлэлийг монголд нэвтрүүлэх хугацаа улам бүр хойшилсоор байх юм. Нэгдсэн нэг дэд бүтэц байгуулаад, хамтран ашиглаад явахад юу саад болж буйг хэлэлцэх цаг болжээ. Монголд өмнөх үеийн бүх технологи бусад орноос нэлээн хожигдон 'таваргаж' ирдэг нь энэ удаа бас л давтагдах уу?  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Таны сэдвүүд дандаа зөв өнцгийг олж хардаг шүү. Бодох л ёстой асуудал...

    1 0 Хариу бичих