Инфляцын төсөөллийг нэмэгдүүлжээ

Монголбанк бодлогын шинжилгээг улирал бүр хийдэг бөгөөд энэ удаад инфляцийн төсөөллийг нэмэгдүүлж, 8 орчим хувь болгосныг Мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэллээ.

Тэрээр үүнийг тайлбарлахдаа, "Нэгдүгээрт, Улаанбаатар хотын инфляци 8 дугаар сарын байдлаар 10.5 хувьд хүрсэн. Үүний 3 нэгж хувийг махны үнийн өсөлт юм. Махны үнийн өсөлтийн улирлын хандлага нь жил бүрийн долоодугаар сараас эхлээд, найм, есдүгээр сард үргэлжлэн буурдаг байсан бол энэ жил хуучин шигээ байсангүй. Тухайлбал, долоодугаар сард үнэ нь өссөн. Үргэлжлээд наймдугаар сарын  эхний 3 долоо хоногийн турш өсч байгаад, сүүлийн долоо хоногт нь бага зэрэг буурсан. Есдүгээр сард мөн бага зэрэг буурсан. Гэхдээ энэхүү буурсан түвшин нь бидний төсөөлснөөс хамаагүй өндөр түвшинд хүрээд байна.

Хоёрдугаарт, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад нэлээд өслөө. Дулаан, цахилгааны үнэ түүнчлэн  дээд боловсролын төлбөр нэмэгдсэн нь инфляцийн 0.8 нэгж хувийг бүрдүүллээ.  Эдгээр нь нийлүүлэлтийн шалтгаантай инфляци юм. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг бид өмнөх төсөөллөөр оны төгсгөлд буурна гэж үзэж байсан. Гэвч энэхүү бууралт нь бидний төсөөллөөс харьцангуй бага байгаа учраас инфляцийн төсөөллийг нэмэгдүүлсэн. Харин эрэлтийн шалтгаантай инфляцийн хувьд харьцангуй тогтвортой хэвээр байгааг онцлох хэрэгтэй" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)