Ж.Токаевын анхны илгээлтэд юу багтав?

Казахстаны шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч Ж.Токаев ард түмэндээ хандаж гаргасан анхны илгээлт нь дотоод төдийгүй гадаадыхны анхаарлыг ихэд татаж байна. Уг илгээлтэд Төв Азийн энэ улсын ойрын ирээдүйн зорилтууд тусгагджээ. Олон түмнийх нь хүсэл эрмэлзэлд яв цав нийцэж урмыг сэргээж дэмжлэгийг хүлээж байгаа хэмээн ХМХ-үүд нь бичиж байна. Тухайлбал, эдийн засгаа эрчимжүүлэх замаар иргэдийнхээ амьдрал, амжиргааны чанарыг сайжруулах, улмаар иргэний нээлттэй нийгэм бий болгох чиглэлд дорвитой ахиц гаргах талаар зорилт дэвшүүлжээ.
Нийгмийнхээ тулгамдсан асуудлуудад анхнаасаа ийнхүү анхаарлаа хандуулж байгаа нь казах олон түмний урам зоригийг хөгжөөж байна. Наймдугаар сард болж өнгөрсөн Сурган хүмүүжүүлэгч нарын улсын зөвлөлгөөний үеэр багш нарын цалинг ойрын дөрвөн жилд хоёр дахин нэмэгдүүлэхийг холбогдох байгууллагуудад ерөнхийлөгч Ж.Токаев үүрэгдэв.
Сурган хүмүүжүүлэгч нарынхаа эрх дархыг өмгөөлсөн хууль боловсруулан гаргах замаар багш нарын нэр хүнд, статусыг дээшлүүлэхийн чухлыг мөн анхны илгээлтдээ цохон тэмдэглэжээ. Багш нарын нөр их хөдөлмөрийг зохих төвшинд нь зөв үнэлэхийг зорьсон энэ алхам нь сурган хүмүүжүүлэгч нарын нэр төрийг сэргээж, нийгэмдээ хүндтэй байр суурь эзлэхэд нааштай дохио өгч тэдний урмыг сэргээлээ гэж казахын хэвлэлүүд үнэлж байна. Түүгээр үл барам БНКазУ-аас боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт зориулах төсвийг эрс нэмэгдүүлэн ННБ-ны 10 хүртэлх хувийг зарцуулах том зорилт тавьжээ. Тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, боломж нь энэ зорилттоо төвөггүй хүрэх ажээ.
Эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн хүртээмж, чанарыг цаашид шат ахиулах талаар Токаевын илгээлтэд тодорхой заалтууд оржээ. Өнөө хүртэл үзүүлж ирсэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээгээ баталгаажуулж цаашид ч үргэлжлүүлэн үзүүлэхээ ерөнхийлөгч илгээлтдээ нотолжээ. Тус улсын нийгмийн халамж, үйлчилгээний хэмжээ сүүлийн гурван жилд 17 дахин өсснийг энд тэмдэглэх хэрэгтэй.
Нийгмийн халамжийн энэ их зорилтууддаа хүрэхэд Казахстаны эдийн засаг чамбай, бядтай байх ёстой. Эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх үндэс нь түүний үр өгөөж, цахимжуулалт, шинжлэх ухаанч багтаамж зэргийг тэргүүлэх зорилт болгох ажээ. ХАА-н салбартаа ч их ач холбогдол өгч, энэ салбараа Казахстаны эдийн засгийг чирэгч гол хүч болгохоор төлөвлөжээ. Чингээд газар тариаланд ашиглаж буй газрыг яаравчлан гадаадынханд худалдахгүй байх нь зохистой гэж үзжээ. Манай улс ч гэсэн ХАА-даа ингэж ач холбогдол МАА, газар тариалангаа бүрэн дүүрэн ашиглавал БНКазУ-аас нэг их дутагдахгүй дээ.
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжин хөгжүүлэхийг чухалчлахын сацуу тэдний дундуур орж самууруулж буй авлигач-гэмт хэрэгтнүүдээс болж нийгэм, бизнес эрхлэгчид ихээхэн хохирч байгааг ерөнхийлөгч цохон, онцгой анхаарахыг чухалчилжээ.
Нийгэм, улс хоорондын харилцан ажиллагааны чухлыг тэмдэглэхдээ хувь хүн хийгээд бэлгийн ахуйн шинж чанартай хүчирхийлэл нь хүнд гэмт хэрэгтнүүдэд хууль цааз өршөөлгүй байхыг онцолжээ.
Шинэ ерөнхийлөгч нийгэм эдийн засгаар тогтохгүй, улс төрийн реформ, либериалчлалын замд тууштай гарч байгаагаа илгээлтдээ нотолжээ.
Тэрээр олон намын систем болон нийгэм, иргэний яриа хэлэлцээ, улс төрчдийн сорилт тэмцээнийг хөгжүүлэхийн чухлыг илгээлтдээ онцлохын хамт цуглаан жагсаалын тухай хуулийг өнөөгийн үеийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгохыг холбогдох байгууллагууддаа үүрэгджээ. Чингэснээр Казахстаны Үндсэн хуулийн хүрээнд иргэд нь тайван жагсаал цуглаанд чөлөөтэй гарч үзэл бодлоо илэрхийлэх боломж хуульчлагдаж бүрдэх нь.
Өмнөх ерөнхийлөгч Н.Назарбаевын үндсэн чиг шугам нэг хэсэгтээ өвлөгдөн үргэлжлэх нь мэдээж. Гэхдээ нефть, байгалийн баялгаар нэн баян Төв Азийн энэ орныг ардчилал, улс төрийн өөрчлөлтөд хойрго ханддаг гэдэг үзэл, бодол ойлголт мөд арилж, нэг мэдэхнээ манай урд гарчихсан явж байж магадгүй байна. Иргэдийн амьжиргаа, эдийн засгийн хөгжлөөрөө манай улс энэ хөршөөсөө хол хаягдаад удаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. тодорхой

    0 0 Хариу бичих
  2. Nur-Sultan Ulaanbaatar Forever)))

    0 0 Хариу бичих
  3. Казакстан амжилттай хөгжиж байна

    0 0 Хариу бичих
  4. сайн ерөнхийлөгч байна!

    0 0 Хариу бичих