Ёс зүйн дэд хорооны хуралдааныг хойшлуулав

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо өнөөдрийн хуралдаанаараа гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин бусад сайд нарын картыг сугалж, ирцээс хасуулсан учраас Ёс зүйн дэд хороонд дуудагдсан юм. Харин Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн байнгын хороогоор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр байнгын хорооны даргын микрофоныг булаан, хуралдааны дэг алдагдуулсан асуудлаар дэд хорооны хурлаар орох болоод байсан.

Холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир дээрх асуудлыг хойшлуулахаар болжээ. 

Дараа нь Улсын Их Хурлын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв. “Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг ирүүлсэн байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)