Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгов

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд магадлал гаргалаа. Тодруулбал, дээрх хуулийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор” гэсэн Гуравдугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалтад заасан нөхөх олговрыг тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгохоор хуульчилсан нь хууль зүйн ялгаатай ойлголтуудыг өөр хооронд нь адилтган,  хураалгасан гэр, орон сууцаа “буцаан авч” хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгасныг нөхөх олговор олгосонд тооцох нөхцөлийг бүрдүүлжээ. Ийнхүү хуульчилсан нь хууль тогтоогч уг зохицуулалтаар холбогдох этгээдэд нөхөх олговор олгох, эсхүл хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах зорилгын алиныг агуулсныг тодорхойлох боломжгүй болгосон байна.

Улмаар дээрх маргаан бүхий заалтууд нь хуулийн хэм хэмжээ хоорондын зөрчилдөөнийг агуулсан байх тул хууль тогтоогч энэ асуудлыг онцгойлон анхаарч, дээрх зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болгох нь зүйтэй гэж Үндсэн хуулийн цэц үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)