Турк Сири дэх байлдааны ажиллагаагаа 120 цаг зогсооно

Турк улс Сирийн хойд нутагт явуулж буй байлдааны ажиллагаагаа 120 цаг буюу тав хоног зогсоохоор болжээ. Вашингтон, Анкаратай энэ асуудлаар тохиролцон дээрх шийдэлд хүрсэн талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдээллээ.

Ингэснээр курдын анги нэгтгэлүүд болон АНУ-ын үлдсэн цэргүүд байлдааны ажиллагаа зогссон тав хоногт багтан Туркийн байгуулах гээд байгаа “Аюулгүйн бүс”-ээс гарч явах ёстой болж байна.  

Майк Пенс Анкарад айлчлах үедээ энэ тохироог хийсэн бөгөөд Вашингтон тэр даруйдаа курдуудтай хийх хэлэлцээг эхлүүлсэн байна. Курдууд Аюулгүйн бүсээс бүрэн гарч дууссан тохиололд Турк улс байлдааны ажиллагаагаа бүрмөсөн зогсоох заалт хэлэлцээрт байгаа гэдгийг М.Пенс онцлон тэмдэглэжээ. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу мөн үүнийг баталж “Туркийн цэргийн ажиллагаа курдууд Аюулгүйн бүсээс бүгд гарч явсан тохиолдолд л зогсоно” гэжээ.

Анкарагаас мэдээ хүлээж авсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Р.Т.Эрдоганд баярлалаа. Сая, сая хүний амь аврагдлаа” хэмээн Твиттер хуудсандаа жиргэсэн. Харин Р.Т.Эрдоган хариуд нь “Бид хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн том аюул болох алан хядагчдыг дарж чадвал илүү олон хүний амь аврагдах болно, ноён ерөнхийлөгч өө” хэмээн бичжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)