Зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 960-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 6  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

Энэ сарын 16-нд Увс аймгийн Зүүнхангай сумын 1-р багийн нутаг “Далан булаг” гэх газар шороон замд “Kia Bongo frontier” маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 39настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон.

Энэ 17-нд Орхон аймгийн Баян-өндөр сумын Их залуу багийн нутаг /Сумын төв дотор/ асфальтан замд MitsubishiPajeroавтомашины жолооч  А нь явган зорчигч 9настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон.

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р багийн нутаг “Баруун шовог”  гэх газар шороон замд Хаоже маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 41настай, эрэгтэй А нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ долоо хоногт зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 5,2 хувиар, гэмтсэн хүний тоо 78,9 хувиар, нас барсан хүний тоо 50 хувиар тус тус өссөн бол, гэмтсэн хүүхдийн тоо 25 хувиар  буурсан байна.

Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирж буй тээврийн хэрэгслийн жолооч та хурдаа хасаж, тухайн гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд “Дураараа бишээ дүрмээрээ” оролцохыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)