Фил Эспозито: А.Якушев ҮХЛ-д тоглосон бол од болж мөнгө хүүдийлэх байсан

ЗХУ, Хойд Америкийн хоккейчдийн хооронд өрнөсөн супер цувралын талаар спорт сонирхогчид эдүгээ ч домог мэт ярилцдаг. Тэгвэл энэ “домог”-ийн гол баатруудын нэг Фил Эспозито 2016 онд хойд хөршийн Омск хотноо зочилж, Дэлхийн цомын нээлтийн ёслолд оролцсон юм. Энэ үеэр «Советский спорт» сонины сурвалжлагч Кирилл Беляковын авсан ярилцлага, материалыг хүргэе. Үндэсний хоккейн лигийн таван удаагийн шилдэг довтлогч түүнийг эх оронд нь өндрөөр үнэлж, улсынхаа төрийн дээд шагнал Канадын одонгоор шагнаж байжээ. 

“Би 1983 онд төрсөн болохоор 1972 оны супер цувралын талаар ааваасаа л сонсч байлаа. Харин Омскт би “Агч навчитнууд”-ын багийн хамгийн шилдэг нь байсан Фил Эспозитотой таарах завшаан тохиосон юм. Хөнгөн шингэн хөдөлгөөнтэй түүнийг харахад хэн ч 70 настай гэж хэлэхээргүй байсан юм. Тэрбээр Дэлхийн цомд Тивийн хоккейн лигийн тэргүүн Александр Медведевийн урилгаар иржээ. “Эндээс Москвад очиж, супер цувралын 40 жилийн ойн ёслолд оролцоно” гэж Фил надад ойрын төлөвлөгөөгөө танилцуулав. “Дараа нь Питер, Ярославь орж онгоцтойгоо сүйрсэн “Локомотив” багийнхны дурсгалын тоглолтод оролцоно, Якушев, Третьяк, Петров, Михайловтой уулзана. Өмнө нь Михайловыг үзэн яддаг байлаа. Үзэн ядах болсон шалтгааныхаа талаар түүнд “Би яагаад чамд дургүй гээч... Чи цохиур модоороо эгээтэй л толгойг минь тас татчихаагүй” гэхэд тэр хариуд нь “Харин чи миний шилбийг бас цохисон шүү дээ” гэсэн. Би “Тэгвэл хоёулаа л адилхан юм байна” гэж хэлээд гар барьсан...

Александр Якушевыг одоо болтол дэлхийн хамгийн шилдэг довтлогч гэж боддог. Одоо үед Малкин Овечкин гээд ур чадвартай залуус гарч ирж байна аа. Гэхдээ Якушев бол коммунизмын үедээ жинхэнэ “мангас” байлаа. Хэрвээ “Төмөр хөшиг” байгаагүйсэн бол тэр ҮХЛ-т од болж, мөнгийг хүүдий, хүүдийгээр нь олох байсан юм” хэмээн илэн далангүй өгүүлэх түүний юу гэж ярьсныг сонирхоё.

-Хавар таныг Супер серийн 40 жилийн ойд оролцохыг урихад та зөвшөөрөөгүй гэдэг. Харин үүний дараа Канадын хэвлэлд “Надад 100 000 ам.доллар өгсөн тохиолдолд л Москвад очно” гэж ярилцлага өгсөн байсан?

-Уг нь тэгээгүй юм. Оттавагаас нэг сурвалжлагч охин утасдаад, “Та Супер серийн 40 жилийн ёслолд очих уу” гэдэг юм байна. Би тэр үед гэртээ үдэшлэг зохиож байсан үе таарсан учир “Чи одоо галзуу юм уу хаашаа юм. Чөтгөр ав гэж...” гэсэн. Өнөөх чинь шантралгүй “Тэгвэл яавал та тэнд очих вэ” гэнэ. Тэгэхээр нь би зүгээр тоглоод л “100 000 бакс төлчих” гэчихсэн юм. Дараа нь найзуудаасаа Москвад тийм баяр болох гэж байгааг мэдсэн. Би бизнес ангиллын суудлаар нисч ирлээ. Надад бүхнийг төлсөн.

-В.Путинээс хариу ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж их нервтсэн. Гэхдээ түүнийг хоккейн спортод дурлагч гэдгийг мэднэ. Тэнд олон хүмүүс цуглаж, цагийг сайхан өнгөрүүлсэн. Тэр ч байтугай В.Путинтэй зургаа авахуулсан шүү. Одоо тэр зургаа зочдын өрөөнийхөө хананд өлгөсөн.      

-АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байсан уу?

-Рональд Рейган, Жеральд Форд, Билл Клинтон нартай уулзаж байсан. Сайн залуус, энгийн хүмүүс. Рейган бол хоккейн жинхэнэ фанат байсан. Бусад нь манай спортыг сайн мэддэггүй юм билээ.

“1972 оны наймдугаар сард Үндэсний хоккейн лигийн комиссар Алан Иглсон утасдаж “Байна уу, Фил, бид оросуудын эсрэг тоглох багийг бүрдүүлж байгаа, чи тоглооч” гэсэн. Би тэр үед охиныхоо төрсөн өдрийг тэмдэглээд баярын ширээний ард сууж байсан гээд л бод. Бэлтгэлийн цугларалтад гарахад долоо хоног дутуу, би ердийн үед байдаг шигээ сул жинтэй, ямар ч бэлтгэлгүй байлаа. Тийм ч учраас “Юуны чинь Супер цуврал вэ” гэж хариулсан. Гэвч А.Иглсон ятгаж, мөнгө амалж ярьсаар байв. Үнэндээ бид бүгд л тулаанд ямар ч бэлтгэлгүй орсон гэж хэлж болно. “Оросууд гэж хэн юм бэ”. Ямар ч ойлголт үгүй байв. Тийм ч учраас тоглолтод “Бүх оддын тоглолт” шиг малгайгүй гарах шийдвэр гаргасан юм. Тэр ч битгий хэл тоглолтын өмнөх өдөр хүртэл архи ууцгааж байсан. Гэтэл яг тоглолт дээр жинхэнэ дайн болдог юм даа. Үзэгчид бараг л коммунизм капитализмын хоорондын дайн мэтээр хүлээж авч, аль ялсан багийн нийгэм ялах юм шиг хөөрцөглөжээ. Эхний тоглолтод 3:7-гоор хожигдсоны дараа төрөлх хот Су-Сен-Мари дахь аавын минь байшин руу хогоор шидэлсэн байж билээ. Тэр тоглолтыг одоо ч санахад аймшигтай... Тоглолтоос үлдсэн ганц сайхан нь тоглолт дуусч байгаа зарласан хонх дуугарах тэр мөч л байсан юм. Дараа нь надад гэнэт хожих их хүсэл оргилсон. Учир нь би коммунизмд итгэдэггүй байсан юм. Чи авьяастай бол тэнэгээс илүү  их мөнгө олно гэдэгт итгэдэг байсан болохоор. Харин Орост бол тэр үед мөрөөдлөөрөө амьдрахыг хориглодог шүү дээ. Танай шигшээг нутаг буцахад Канадын эрх баригчид тоглогч тус бүрт жинсэн өмд, сникерс шокалад бэлэглэсэн, харин хожим Якушевын ярьснаар бол, КГБ-гийнхэн хил дээр тэр бүгдийг нь хураачихсан гэсэн...

-Одоогийн Москваг 40 жилийн өмнөхтэй харьцуулахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Бас танай эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хараад галзуурах шахаж байсан, харин одоо бол их сайхан хувцаслацгаадаг болсон байна. 1972 онд бол... Нэг тийм, хэзээ ч харж байгаагүй стилийн эмэгтэйчүүд байсан. Өөр хэлэх юм тун бага даа. Бид Кремльд буудалласан боловч гадагшаа ганц ч алхах эрхгүй байсан юм. Харин хавар ирээд Москва бол дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын нэг гэдгийг мэдсэн. Танайд литр бензин ямар үнэтэй вэ?

-Нэг ам.доллар.

-Манайд бол нэг галлон нь дөрвөн ам.доллар /1 галлон нь 4.5 литртэй тэнцэнэ/. Обамаг Ерөнхийлөгч болохоос өмнө хоёр доллар байсан юм.

-Ах Тони чинь юу хийж байгаа вэ?

-“Чикаго”-д хаалгачидтай ажиллаж байгаа. Харин би Тампад. Охин Кэрип маань Оросын хоккейч Александр Селивановтой суусан шүү дээ. Тэр маань саяхан өвчний улмаас нас барсан. Харин Александр Голландад дасгалжуулагч хийж байгаа. Хүүхдүүд нь бүгд хоккей тоглодог. 14 настай Нико нь ҮХЛ-т ч тоглож магадгүй.

-Хэзээ нэгэн цагт орос цустай ачтай болох юм гэж төсөөлж байсан уу?

-Хар дарсан зүүдэндээ л... “Тампа”-д менежерээр ажиллаж байхдаа би ажилчдаа хоккейчидтой ямар нэг байдлаар учир ургуулах л юм бол шууд хална гэсэн дүрэм гаргасан юм. Гэтэл нэг нартай өдөр охин минь Александр Селивановтой уулзаж байгаа, ажлаасаа гарахаас гэж хэлдэг юм даа. Тэр “Тампа”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Халахаас өөр арга байгаагүй дээ. Гэвч гэрлэлтийг болиулаагүй. Зөв биз. Кэрипо гэрлэж, гурван хүүхэдтэй болсон. Зээ нар маань англиар гэхээсээ илүү орос, германаар сайн ярьцгаадаг. Делон маань надад орос хэл заах гэж оролддог юм. Би оросоор хэлийг ойлгодог ч ярихдаа бол “Спасибо”-гоос хэтрэхгүй. Орост хоёр удаа ирсний хүчинд тантай яриад байж байна.  

-Та цувралын өмнө оросуудыг бүх тоглолтдоо 7:0-ээр хожно гэсэн юм уу?

-Сурвалжлагч л байхгүй юу. Оросуудын хүчний талаар юу ч мэдэхгүй байж юу гэж тэгж хэлэх вэ дээ. Хэтрүүлдэг сэтгүүлчдээс болж эхний дөрвөн тоглолтын дараа гэр бүлийнхэн маань ч гадагш гарч чадахгүй байдалд орж байсан. Тэр ч байтугай эх орон нэгтнүүд маань хүндлэхээ больсон тул Майамид амьдрахад хүрсэн.

-Бас цувралын дөрөв дэх тоглолтын дараа та зөвлөлтийн хоккейчдийг ”араатнууд” гэж хэлсэн гэсэн?

-Ванкуверт тэд биднийг 5:3-аар хожсон юм. Тэр үед л дикторын микрофоныг булааж аваад тэдний талаар юу гэж бодож байгаагаа хэлчихсэн. Сэтгэлийн хөдөлгөөндөө болоод л ингэсэн. Яг юу гэж хэлснээ 1982 онд л бичлэгээс сонссон юм шүү. “Талархахыг мэддэггүй араатнууд” гэсэн байна лээ. Бурхан минь, ямар чөтгөр нь надад тэгээд шивнэчихсэн юм бол оо.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Жинхэнэ хоккэй чин хүний бодол характер ...legenda

    0 0 Хариу бичих