“Цайны зам ба нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн ЮНЕСКО-ийн Оролцооны хөтөлбөрт батлагдсан "Цайны зам дахь нүүдлийн коридор: Түүхэн туршлага ба өнөөгийн яриа хэлэлцээ" төслийн хүрээнд “Цайны зам ба нүүдэлчид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Энэхүү хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Япон улсын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож цайны замын талаар өөрсдийн судалгаа, шинжилгээгээ танилцуулсан байна.

Уг хуралдаанд Монгол Улсаас НСИСОУХ-ын Захирлын үүрэг гүйцэтгэгч А.Очир, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн нар “Цайны зам ба Монгол орон” ба “Монгол улсын соёлын өвийг хамгаалах бодлого, төлөвлөлт ба цайны зам” сэдвээр илтгэл тавьсан бол ОХУ-ын эрдэмтэд Измайлов Искандер Лерунович ба Бадараев Дамдин Доржиевич нар “Ижил мөрний худалдааны зам: Дундад зуунаас орчин цаг хүртэл” болон “Монголын эдийн засгийн коридор бол дахин сэргээсэн Агуу их цайны зам болох нь” сэдвээр, БНХАУ-ын эрдэмтэд Чэн Вэй ба Ваанчиг “Орчин үеийн цайны замын шинжлэх ухааны болон техникийн солилцоо” болон “Цайны замын дагуух соёлын солилцоо шинжлэх ухаан техникийг түлхэн ахиулсан нь” сэдвээр тус тус илтгэл тавьжээ.

Мөн гурван улсын төлөөлөгчдийн “Цайны зам ба Ар Монгол дахь Да Шен Күй пүүс”, “Сүн болон Ляогийн үеийн төмөр хайлуулах технологийн талаарх судалгаа”, “Цайны зам дагуух уртын дууны өвийн тухай”, “ Цай үйлдвэрлэх арга технологид цайны худалдааны үзүүлсэн нөлөө”, “Цайны зам ба монголчуудын цайны соёл” болон “Агуу их цайны зам: Үүсэн бий болсон түүх ба дахин сэргээх боломжууд” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигджээ.

Энэхүү хурлын төгсгөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх цайны зам, түүний салбар замуудыг судлан зураглал хийж тодорхой маршрут боловсруулахын зэрэгцээ тухайн зам дагуух соёлын дурсгалт газруудыг тодорхойлоход чиглэсэн судалгааг эрчимжүүлж цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал боловсруулсан байна. "Цайны зам ба нүүдэлчид” эрдэм шинжилгээний хурал нь улс орон, үндэстнүүд хоорондын эв найртай харилцаа холбоог бэхжүүлж соёлын олон төрөл, олон ургальч байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)