Манай тамирчид олон улсын тэмцээнээс долоон медаль хүртлээ

“Мартиньи-1989” насанд хүрэгчдийн дэлхийн аварга, “Улаанбаатар-1989” залуучуудын дэлхийн аварга, Европын болон Азийн аварга, ЗХУ-ын спортын гавьяат мастер, Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (2000-2002 он) олон улсын уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд боллоо. XXVII удаагийн тэмцээн түүний дэлхийн аварга болсны 30 жилийн ойн хүрээнд болж өнгөрлөө.

Тэмцээнд Монгол, Казахстан, БНХАУ, ОХУ-ын Буриад, Якут, Кемерово, Тува, Эрхүү, Ангарск, Хабаровск, Хакасия, Новосибирск, Забайкальский, Красноярский крайгийн нийт 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Улаан-Үдийн дэвжээнд манай улсаас “Хасу-Мегастарс”, “Хангай хүчтэн”, “Тулгат” клуб, “Аварга”, “Ирээдүйн одод”, Спортын төв сургуулийн 30 гаруй тамирчин хүч үзсэнээс гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл, нийт долоон медаль хүртлээ.

Тодруулбал, 61 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Эрдэнэбатын Төгсжаргал, 65 кг-д “Хас-Мегастарс” клубийн тамирчин Дарханбаярын Тэнгис, 74 кг-д МУБИС-ийн тамирчин Мэндбилэгийн Тэмүүжин нар алт, 65 кг-д Сонгинохайрхан дүүрэг, “Тулгат” клубийн тамирчин Орхоны Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Сонгинохайрхан дүүрэг, “Тулгат” клубийн тамирчин Баярмөнхийн Мөнхдаваа, 97 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Бээжингийн Энх-Оргил мөнгө, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Алтанзулын Дөлгөөн хүрэл медалийн эзэн боллоо.

Манай улсаас олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч ОУХМ Г.Амархүү, гуравдугаар зэргийн шүүгч Б.Энхжин, улсын шүүгч Э.Батнасан нар Улаан-Үдийн тэмцээнийг шүүсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)