Өмнөхөөсөө үргэлж өөдөлж явмаар байна

Монгол Улс маань “Саарал жагсаалт” нэртэй санхүүгийн хоригт орлоо. Уг нь 2016 он буюу энэ сонгуулийн циклийн эхлэлээс хойш эдийн засагт сайн мэдээ нь элбэг байлаа. Сая саарал жагсаалтад орох хүртэл шүү.

2016 оны ээлжит УИХ-ын сонгуулийн дараа парламентад 65 суудал авсан МАН Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрыг байгуулсан.Ж.Эрдэнэбатын Засгийн газар ямар эдийн засагтай улс орныг хүлээж авч байсныг одоо олонхи нь мартжээ. Өнөөдөр олон түмэн У.Хүрэлсүхээс шударга ёсыг хүлээж байгаа бол тухайн үед ард түмэн Ж.Эрдэнэбатаас уналтад орсон эдийн засгийг сэргээх, өөд татахыг хүсч хүлээж байв. Татварын өр, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр зэрэгхэнээр үүд хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд олон байлаа.Эргэн сануулахад, АН-ынхан дөрвөн жил засаглахдаа эдийн засгаа жил дараалан унагасан.Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдож байхад улсын эдийн засгийн өсөлт 1.2 хувь, гадаад валютын нөөц нь ганц тэрбум доллар байв. Харин тэр огцорч дараагийн Ерөнхий сайдадхалаагаа өгөхдөө 5.3 хувьд хүргэж өсгөсөн. Жил хагасын дотор шүү. Одоо эдийн засгийн өсөлт 2020 оны төсөөллөөр 7.3 хувьд хүрч өсөх боломжтойг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд мэдээлэв. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны урьдчилсан таамаг ч ийм байгаа. Харин саарал жагсаалтад орсноор энэ өсөлт саарах уу. Санаснаар болдог бол Ч.Сайханбилэгээс хүлээж авсан 1.2 хувиа Ж.Эрдэнэбат нь 5.3 хувь, түүнээс өвлөж авснаа У.Хүрэлсүх нь өнөөдөр 7.3 хувь хүргэсэн шиг эдийн засаг цаашид ч үргэлж өсөлттэй явмаар байна. Унаж уруудахыг бид хангалттай үзлээ, мэдэрлээ. Одоо унагасныг босгож урагшилсан сайн жишээг улс төрийн өнцөг, нам, бүлгийн эрх ашиг гэхгүйгээр нэг Монгол Улсын төлөө үргэжлүүлж, өөд татаж явахыг ард түмэн улстөрчдөөсөө хүсч хүлээж буй. 

Хүүхдийн мөнгө халам­жийн нэг төрөл мөн. Тэгэхдээ энэ бол эзнээ олсон зорилтот, заавал байх ёстой халамж юм. Анх АН-ынхан 3000 төгрөгөөр эхлүүлж байсан хүүхдийн мөнгө Сү.Батболд Ерөнхий сайдын үед 20 мянган төгрөг хүрч өссөн. Тэр үед Оюу толгойн төсөл эхэлсэн, нүүрс үнэд орсон, засаг мөнгөтэй байлаа. Гэтэл 2012-2016 оны засгийн газруудын үед хүүхдийн мөнгө танагдсан. Монгол Улс аав, ээжийнх нь орлогоор баян, хоосон хэмээн эрэмбэлж хүүхдүүддээ ялгаварлан мөнгө олгож хойш ухарсан. Төд удалгүй хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарч 2016 оны сонгуулийн өмнө хүүхдийн мөнгө олголт таг зогссон байв.Харин 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар сүүлийн 4 жилд анх удаа төсвийн орлогыг давуулсан. Эдийн засагчдын хэлж буйгаар 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай хүлээж авсан улсын төсвөө 330 орчим тэрбум төгрөгөөр давуулсны хүчинд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэддахин олгож эхэлсэн. Өмнө олгоогүй хугацааны мөнгийг ч нөхөж олгосон. Өнөөдөр хүүхдийн мөнгө олголт үргэлжилж байгаа ч, хоёр жилийн өмнөх шигээ бүх хүүхдэд очихгүй байгаа. Эхлээд өрхийн орлогоор нь ялгаварлаж олгоно гээд нийт хүүхдийнхээ 60 хувьд өгч байсан. Сүүлд, УИХ-ын зарим гишүүдийн санаачилгаар хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох төсөл өргөн барилаа л гэсэн. Яаж шийдэгдсэн нь одоогоор тодорхойгүй. Хүүхдийн мөнгө эзнээ олсон зорилтот, байх ёстой халамж, сайн ажил мөн. Иймд цаашид хүүхдүүдээ ялгаварлахгүй, харин хүүхдийн мөнгөний хэмжээг яаж нэмэгдүүлэх тухай ярих ёстой.

Үүнээс илүү энгийн жишээ бас бий. Хүн бүрт хамаатай. Улаанбаатарын утаа гэхэд өнөөдөр үндсэндээ шийдэгдэх тал руугаа оржээ. Шийдэл нь өмнөхөөсөө дээрдэж яваа бодлогын шийдлийн бодит жишээ гэж болохоор. Н.Алтанхуягийн Засгийн газар Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлж, Багануурын нүүрсийг хямдаар иргэддээ борлуулж байлаа. Нүүрсээ түлээд бай гэсэн санаа.Дараа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд цахилгаанаар халаах, орон сууцжуулах, шахмал түлш хэрэглэх шийдлийг бодлогоо болгосноо зарлаж байв. Энэ хүрээндээ эхний ээлжинд айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг 100 хувь чөлөөлж, цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөж эхэлсэн байдаг. Өнөөдрийн Засгийн газар шахмал түлшийг гол бодлого болгов. Түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглов. Үр дүнд нь хотын утаа эрс буурсан ч, шахмал түлшийг тойрсон золгүй явдал, угаарталт цөөнгүй байна. Үүнийхээ учир начрыг олчихвол Улаанбаатар утаагүй болоход ойрхон санагдаж байна. Ерөнхийдөө цахилгааны хөнгөлөлт, шахмал түлш, орон сууцжуулах гурвын нийлбэр утаагүй болох цорын ганц гарц, бас шийдэл гэдэг нь харагдаж байна. Төрийн бодлого ингэж л өмнөхөөсөө сайжирч явмаар байна. 

Дэлхий ертөнцөд өнөөдөр Монгол Улс байтугай, хамгийн том эдийн засагтай АНУ, Хятад ч дангаараа хөгжих боломжгүй болсон цаг. Дэлхийн хамтын нийгэмлэг дор хамтдаа хөгжинө. Гэтэл гаднынхны итгэлийг алдаж, гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн горимд шилжсэн байсан цаг саяхан шүү дээ. Ердөө гуравхан жилийн өмнө. Тэр үед гадаад ертөнц, гадаадын хөрөнгө оруулагчид 2016 оны сонгуулийг л хүлээж байлаа.Тэр дагуу сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар төсвийн алдагдлыг 3 дахин бууруулж, хаадын нэртэй олон бондыг цэгцэлж, хугацаа тулсан гадаад, дотоод өрийг шийдэх, төлөх эх үүсвэрийг бүрдүүлж, олон жил, олон Засгийн газар дамжсан Чалько-гийн өрийг төлж эдийн засагт нааштай дохиог авчирч чадсан нь бодит үнэн. Үүний хүчинд ОУВС-тай хамтарч ажиллах болж хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 2016 оны сонгуулиас хойшхи Монгол Улсын эдийн засагт бий болсон эерэг бүхний ихэнх нь ОУВС-гийн хөтөлбөрийн эерэг үр дүн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Монгол Улсад олон улсын байгууллагын ийм эерэг хамтын ажиллагаа л хэрэгтэй. Өмнөхөөсөө өөдөлж явъя гэвэл саарал жагсаалт хэрэггүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yooyo unen hudlaa dolooson yum bicih yum

    0 0 Хариу бичих