Колоничлох технологи...

ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага манай улсыг “Саарал жагсаалт”-даа оруулжээ. Таатай зүйл биш, гэхдээ айдаст автаад байх шаардлага ч байхгүй. Анхааруулгыг зөв тусгаж, хүнд байдлаас гарах талаар бодитой ажил хийх ёстой. Харин Засгийн эрх ээлжилж барьсан хоёр том нам нь алдаагаа засаж жагсаалтаас гарах тухай биш, буруутан хайх ажилд илүү анхаарч улс төрийн ашиг хонжоо гаргахыг ч оролдож, мангасын аманд орсон мэт ярьж нийгмийг айдас болгоомжлолд автуулж байна. Тиймээс “Үндэстний ТОЙМ“ дахиж ийм байдал гаргуулахгүйн тулд энэ дэлхий дээр ажилладаг ФАТФ шиг механизмуудын зорилго, үйл ажиллагааны зарчмуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхий нэг, нэгнээсээ улам хамааралтай болж байгаа энэ үед бид хүссэн хүсээгүй олон улсын хэм хэмжээ, стандартыг дагах болно. Муу амлаж байгаа юм биш, гэхдээ ФАТФ манайд сануулга өгөх эхний байгууллага биш.

Нэгэнт ФАТФ сануулга өгөх хэмжээнд хүрчихсэн бол бусад нь ч дуу дуугаа авалцаад арга хэмжээ авч л таарна. “Саарал жагсаалт” бол зөвхөн эхлэл. Тэр үед бид одоогийнх шиг мэдээлэлгүй байж болохгүй.

Хаана, хэнтэй хамт зогсож байгаагаа хар

Хоригт яагаад орсноо ойлгохын тулд эхлээд “Механизмууд хэний төлөө ажилладаг вэ” гэдэг асуултад хариу олж, өөрсдөө хаана, хэний тойрогт зогсож байгаагаа тодорхойлох ёстой болно. Олон улсыг хамарсан  механизмын ихэнхийг аж үйлдвэрийн хувьсгалыг эхэлж хийж, бусдаасаа түрүүлээд мөнгө төгрөгтэй болсон хэдхэн улс бусдыгаа тогтоон барих, хянах, эрх ашгаа тулган хүлээлгэхийн тулд бодож олсон байдгийг эхлээд ойлговол зохино. Олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд, зэрэглэл тогтоогч агентлагууд, тэр бүү хэл олныг хамарсан хөдөлгөөний ард ч колоничлох санаархал явж л байдаг. Тэгэхээр эхний тойрогт барууны орнууд, тэдэнтэй нягт хамтарч ажилладаг буюу заасан замаар нь явж байгаа улсууд зогсож байна. Хоёр дахь тойрогт, барууны орнуудын гол дайсан буюу олон туйлт ертөнцийг бүтээхээр тэмцэж буй ОХУ болон түүнтэй нягт хамтын ажиллагаатай улсууд зогсож байна. Энэ улсууд хоригт хамгийн их өртдөг. Тэгэхээр хажуудаа хэн, хэн зогсож байгааг нэг харчихад гэмгүй. ЗХУ гэж байх үед дэлхий хоёр туйлтай байсан. Задарсных нь дараа АНУ тэргүүтэй барууныхан нэг туйлт ертөнцийг байгуулахаар адгасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэгч нь доор дурдах механизмууд юм. ФАТФ-ын тухайд жишээлбэл, 1989 онд “Их 7”-гийн бүлгийн улсуудын санаачилгаар байгуулагдсан. Өнгөн дээрээ мөнгө угаах, алан хядлагыг санхүүжүүлэх боломжийг хаах зорилготой гэж буй. Гэхдээ хэнийг алан хядагч гэх вэ гэдгийг барууныхан тодорхойлно. Мөн үгэнд нь сайн ороод байвал “Нүдээ аниад” байж ч чаддаг. Үгнээс зөрвөл цаг хугацааг ухраагаад ч хамаагүй арга хэмжээ авна.

Худалдааны механизмууд

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон улсын худалдаа-эдийн засгийн харилцааг зохицуулах зорилгоор 1995 онд байгуулагдсан. Гишүүнээр элссэн улсуудын өмнө өргөн боломж нээж өгч байгаа мэт боловч буурай хөгжилтэй улсуудын эдийн засгаа хамгаалах дархлааг нь устгах зорилготой механизм юм.

ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцөлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүнээс зах зээлээ хамгаалахдаа импортод квот тогтоох, шууд хориглох гэх мэт тарифын бус арга хэрэглэж болохгүй. Импортын татварыг нэмэгдүүлэх аргаар л тэмцэнэ гэсэн үг. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Жишээ нь, Монгол Улсад нийт барааны импортын татварын тарифын дээд хязгаар 20 хувь. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хувь хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй. Монголд 100 хувь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд ижил төрлийн бүтээгдэхүүний импортыг хориглох, хаах эрх байхгүй. Татвараа л 20 хувь хүртэл нэмнэ. Тухайн импортын бүтээгдэхүүн хямд өртгөөр хийгддэг бол энэ 20 хувийн босгыг төвөггүйхэн даваад дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадна гэсэн үг. Техник, технологийн өндөр түвшинд хүрсэн улс орнууд мэдээж, бүтээгдэхүүний өртгийг 20 байтугай хувиар бууруулж чадаж байгаа тул бусад улс оронд ижил төрлийн үйлдвэрлэл хөгжих боломжгүй болдог. Хөгжиж буй улсууд импортын татвараас гадна өөр бусад татвар дээр ч ДХБ-ын өмнө үүрэг хүлээдэг. “Импортын бараанд ногдуулах дотоодын аливаа татвар (НӨАТ, онцгой татвар г.м.) нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараанд ногдуулж буй татвараас 
илүүгүй байх, татвар ногдуулах аргачлал адил байх” гэсэн ДХБ-ын дүрмийг биелүүлдэг учраас дотооддоо ч үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломж хомс болдог юм.

Хэрвээ үүргээ биелүүлэхгүй бол хариу арга хэмжээ авдаг. Жишээ нь, ОХУ “Өвчин гарсан” гэдэг шалтгаанаар Беларусь болон Европын холбооноос гахайн мах импортлохоо зогсооход ДХБ хариу арга хэмжээ авч байв.

Санхүүгийн механизмууд

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд нь хөгжиж буй орнуудыг хянах боломж олгодог механизмууд юм. Чиг үүргээрээ хоорондоо бага зэрэг ялгаатай ч ерөнхий зорилго нь ижил. Дэлхийг хамарсан зээл өгөх бодлого явуулж, хариуд нь өртэй улсынхаа явах замыг шийднэ. 

ОУВС жишээ нь, богино хугацаанд тухайн улсынхаа эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, тогтоон барих үүрэгтэй. Балансыг чухалчилдаг бөгөөд хөтөлбөрт хамруулсан улсынхаа төсвийг танаж, эдийн засгийг нь либералчилдаг. Үр дүнд нь цалин, тэтгэвэр буурах, цахилгаан, ус дулаан гэх мэт үнэ бүрдэлтийн суурь болдог үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. ОУВС-гийн хөтөлбөрт орсон улсын төсвийн алдагдал багасдаг сайн талтай ч өсөлтөө хэдэн жилдээ хазаарлуулдаг. 

Улс орнуудыг зээлийн сүлжээндээ нэгтгэхийн тулд олон арга хэрэглэнэ. Бүр болохгүй бол сонгуулийн болон сонгуулийн бус аргаар өөрсдийн хүнээ гаргаж ирдэг. Жишээ нь Украин. В.Януковичийг унагасныхаа бараг маргааш нь ОУВС-гаас зээл авсан байдаг. Гүрж улс ОУВС-гаас өгсөн үүргийн дагуу төрийн тогтолцоогоо өөрчилж, Парламентын засаглалтай болсон. ОУВС-гийн санхүүжилтэд орсон улс орны эдийн засаг тэлэхгүй, үнийг огцом чөлөөлж, халамжийн бодлогыг хумьдаг учраас ядуурлыг улам нэмэгдүүлдэг онцлогтой. 

Манай улсын тухайд, Оюутолгойн мөнгөн гүйлгээг дотоодын банкуудаар дамжуулдаг болгох гэж оролдоод ОУВС-гийн үнэн төрхийг мэдэж авсан.

Зэрэглэл тогтоогч агентлагууд 

Хэрэгтэй үедээ ашигладаг механизмуудын нэг нь улс орнуудад зээлжих зэрэглэл тогтоож, банк санхүүгийн системд үнэлгээ хийдэг “Standard and poors”, “Moodies” зэрэг агентлагууд. Эднийг пиар хийхдээ ашиглана. Тэд ямар ч улсыг шаардлага гарвал тэнгэр тултал нь магтаж, газар доор ортол нь муулж чадна. “Standard and poors”-ын шинжээч нэг үйлчлүүлэгчдээ “Шаардлагатай гэвэл бид үнээнд ч зэрэглэл тогтооно” хэмээн бичсэн байдаг. Энэ бол зэрэглэл тогтоогчдын бодит байдал юм. 

Эдгээр агентлагийн зэрэглэл тааруу гарсан бол хөрөнгө оруулагчдын анхаарлын гадна гардаг тул тухайн улсдаа хор холбогдол ихтэй. 

Үнэн хэрэгтээ бол агентлагуудын зэрэглэл өрөөсгөл гэдгийг эдийн засагчид хэлдэг. 100 мянга хүрэхгүй хүнтэй Люксембургт бизнес эрхлэх, 350 сая хүнтэй АНУ-д бизнес эрхлэх хоёр өөр. Гэтэл Люксембургийн зэрэглэл АНУ-ынхаас өндөр байдаг. 

Тогтоон барих механизмууд 

Олон улсын гэрээ конвенц, олон улсыг хамарсан хөдөлгөөний цаана ч тодорхой зорилго нуугдаж байдаг гэж дээр хэлсэн. Барууны орнуудад давуу тал олгож байсан техник технологийн дэвшил ач холбогдлоо алдаж эхлэх үйл явц эхлээд 10 гаруй жил болж байна. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн чадамж өмнөд бүс рүү шилжиж эхэлсэн. Үүний эсрэг Европын холбоо, АНУ зэрэг дэлхийн эдийн засгийг тодорхойлогч орнууд олон арга хэмжээ зохион байгуулж, колонийн бүсийн орнуудынхаа эдийн засгийг өсгөхгүй, хэмжээнд нь тогтоон барих зорилготой тодорхой механизмуудыг бодож олсон байдаг. Энэ ажиллагаа нь эрчим хүч дээр төвлөрч байна. Хөгжиж буй улсуудын эдийн засаг эрчим хүчин дээр тулгуурлаж байгаа тул сааруулахын тулд эрчим хүчний эх сурвалжийг нь  таслах, өндөр өртөгтэй эх үүсвэр рүү оруулах тал дээр төвлөрч ажиллаж буй.

Ногоон эрчим хүч, байгаль хамгаалах Грета Тунбергийн хөдөлгөөний цаана ч хөгжиж буй улс орныг өндөр өртөгтэй ногоон эрчим хүч рүү оруулах зорилго байгаа харагддаг.

Хөгжлийн нэг хөшүүрэг нь техник технологи, нөгөө хөшүүрэг нь түүхий эд, байгалийн баялаг гэж үзэх юм бол хөгжиж буй гэсэн тодотголтой орнуудад дээрх хоёр хөшүүрэг хоёулаа бүрэлдэж эхэлсэн байна. Харин Европын орнууд, АНУ, Япон зэрэг орнуудад байгалийн баялаг нь байхгүй. Шинжлэх ухаан технологийн хөгжил глобальчлагдаж, өндөр технологи хөгжиж буй орнуудад эрчимтэй нэвтэрч байгаагаас шалтгаалаад ирээдүйд эдийн засгийн гол хүчин зүйл нь байгалийн баялаг болж хувирч байна. Тиймээс хөгжингүй улсууд байгалийн баялгаа гаднаас худалдаж авах бодлогыг барьж буй. АНУ газрын тосоо, БНХАУ нүүрсээ хав дарсаар буй. Ганц энэ баримтаас л олон зүйлийг ухаж ойлгох боломжтой. Том тоглогчид ийнхүү дэлхийг “Зохион байгуулагч”, “Үйлдвэрлэгч”, “Мөнхийн эмх замбараагүй байдал” гэх мэт бүс болгочихоод наадаж суудаг. Аль бүсэд хамаарснаас улс орных нь хувь заяа шалтгаалдаг нь гашуун боловч үнэн. Жишээ нь, Сомали улс “Мөнхийн эмх замбараагүй байдал”-ын тойрогт багтсан. АНУ болон барууны орнуудын худалдааны гол зам дайрч өнгөрдөг тул татвараа аваад л явахад Сингапур шиг баяжих байв. Гэтэл барууныхан татвар төлөхгүй гэж шийдсэн тул төрийг нь хүчгүйдүүлж, байнгын дайн самуунтай болгожээ. “Сомалийн далайн дээрэмчид” дээрэм хийхдээ авах ёстойгоо авч байна гэж боддог нь ийм учиртай юм.

Тэгэхээр барууныхны хоригт өртсөн болгон муу байдаггүй гэсэн үг. Магадгүй анхааруулга авч байгаа нь бид бие даасан бодлогоор, өөрийн замаар урагшилж эхэлснийг харуулж байгаа хэрэг. Гэхдээ хэтэрхий хойшилж байж “Мөнхийн эмх замбараагүй байдал” бүс рүү шидэгдэх вий. Үүнийг л сайн бодох ёстой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Уг нь Оюутолгой монголын банкинд мөнгөө оруулдаг байсан, харин нэг татварын байцаагч очоод дансыг нь хаачихсан учраас болгоомжлоод гадны банкаар дамждаг болсон, энэ нь ч аргагүй зөв

    0 0 Хариу бичих
    • орлогоо нуух зорилготой баяжмал днд олон юм гарч байгаа лаборатори байгуулах асуудал шийдэгдээгүй. Ийм л учир байна

      1 0