НӨАТ тойрсон будлиан

Монгол Улс 2006 оноос хойш гар хүрээгүй татвар, бүртгэлийн хуулиуддаа 2014 оноос салхи оруулж, НӨАТ болон Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулиудаа шинэчлэн баталж, 2016 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Уг гурван хуулийн шинэчлэлээр манай санхүүгийн ил тод байдал сайжирч, эдийн засаг, бизнесийн орчны эд эс бүрийг бүртгэлжүүлж, далд эдийн засгийг ил гаргасан. Ингэснээр сүүдэрт нуугдсан, бүртгэлээс зугтсан нэгж, хэсгүүдийг илчлэн, татварын орлогыг эрс нэмэгдүүлсэн юм. Энэ бол цаг үеэ олсон маш чухал ажил болсныг хэлэх хэрэгтэй. Гэсэн ч аливаа хууль цаг үеэ даган байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж явдаг жамтай. НӨАТ-ын хууль батлагдсанаас хойш гурван он улирч, сул талууд нь бас ил болж эхэлжээ. Тиймээс нэн түрүүнд эл сул талуудыг засах шаардлага гарсан байна.

НӨАТ-ын сүүдэр

Жижиглэн худалдаа эрхлэгч ААН-үүд бараагаа бөөний худалдааны газраас авдаг. Энэ газруудад худалдаа хийж буй наймаачид НӨАТ-ын баримт төлдөггүй. Гэтэл яг ийм наймаа эрхэлдэг нэг наймаачин “Ер нь худалдан авагчдадаа НӨАТ-ын баримт өгье” гэж сэтгэжээ. Хэрвээ тийм болчихвол бүх хүн надаас бараагаа авдаг болно гэж бодож. Ингээд хөөцөлдөж үзтэл хад мөргөх нь тэр. Импортын компаниуд шууд дургүйцсэн төдийгүй энэ асуудлаар нь гомдол гаргасны дараа мөнөөх эмэгтэйд бараа нийлүүлэхээ больсон аж.     

НӨАТ-ын тухай хуулинд импортын худалдаа эрхэлдэг компаниудад НӨАТ тооцохдоо “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж тодорхойлно” гэж заасан байдаг. Энэ дагуу татварын байцаагчид гаалийн мэдүүлэгтэй нь л тулж ажилладаг. Хэрвээ компани ямар нэг аргаар тоо хэмжээгээ дарагдуулсан бол цаана нь НӨАТ тооцуулаагүй бараа үлдэнэ гэсэн үг. НӨАТ-ын баримт өгөхөөс дургүйлхсэн нь чухам үүнтэй холбоотой аж.

Импортоор орж ирсэн, бөөний худалдааны газраас авдагтай ижил төрлийнх мөртлөө хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаалах явдал сүүлийн үед эрс олширч байна. Энэ бол гаальд асуудал байгаагийн нэг шинж юм.

НӨАТ төлөгч байгууллага, нягтлангуудын байр суурь

НӨАТ нь нэлээд ярвигтай, хэрэгтэй эсвэл хэрэггүй талаар дэлхийн том, тод эдийн засагчид санал зөрдөг хүнд сэдэв. Тиймээс энэ асуудал дээр татвар төлөгчдийн байр суурийг сонсох нь зөв гэж бодоод олон хүнтэй уулзсан юм. Татвар хураах гэж байгаа төр энэ асуудлаар нэг шийдэлд хүрч чадахгүй байгаатай адил татвар төлөгчид ч энэ талаар янз бүрийн санал дүгнэлттэй байна.

Татвар төлөгч бол аль болох татвар төлөхгүй байхыг хичээдэг, Тиймээс “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэсэн хариулт жин дарах болов уу гэж бодож байснаа нуугаад яахав. Гэтэл төлөхгүй гэсэн хүн бараг байхгүйтэй адил байсан нь эерэг сэтгэгдэл төрүүлснийг энд онцлох нь зүйтэй болов уу.

Харин сөрөг тал нь гэвэл татвар төлөгч эзэд, тэр ч байтугай байгууллагын нягтлангууд хүртэл НӨАТ-ынхаа учрыг сайн ойлгоогүй байдаг юм байна. Зориулалтаас нь өөрчилж гажуудуулсан байдлаар яваад байгаа болохоор аргагүй. 

Энэ асуудлаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ерөнхийд нь гурав ангилж болмоор санагдлаа. Нэгдүгээрт, “50 сая, 100 сая, 250... сая болгох хэрэгтэй” гэж хариулсан хүмүүс ихэнх нь байсан. Тэд ихэвчлэн өөрсдийн аж ахуйн нэгжээ НӨАТ-ын гадна үлдээх санаа агуулж байсан. Хоёрдугаарт, “Босгогүй болгох хэрэгтэй” гэсэн хүн цөөнгүй таарлаа.

Тэд бол НӨАТ-ыг яг л анх гарч ирсэн үндсэн зорилгоор нь төлж, буцааж авах эрмэлзэлтэй шударга нөхдүүд байсан. Гурав дахь нь буюу хамгийн цөөн нь “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэж үзэгсэд. Босго тогтоочихвол том аж ахуйн нэгж нь хохироод жижгүүд нь далд эдийн засгийг бий болгоно, мөн ААН-үүд холдинг болж задардаг сөрөг хандлага улам ихэснэ гэдгээр өөрсдийнхөө саналыг зөвтгөж байсан.   

Тодорхой босго тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө санааг хамгаалахдаа “Жижиг аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээндээ НӨАТ-аа шингээж чаддаггүй. Үйлчлүүлэгч, худалдан авагчдын амьдралын төвшин харьцангуй доогуур учир НӨАТ-ын 10 хувь нэмэхэд борлуулалтад нөлөөлөх жишээтэй. Гэтэл НӨАТ-ыг иргэдийн ихэнх нь авч чаддаггүй учир тэр мөнгө улсын орлого болдог, аль эсвэл орлогоо нууж чадсан ААН-ийн орлого болдог.

Тиймээс иргэдийг ингэж шулж байснаас бүр үгүй болгоод 10 хувийн татвараа яс авъя гэсэн санаатай хүмүүс НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. НӨАТ илүү төлөлттэй бол улс буцааж барагтай бол өгдөггүй мөртлөө дутуу төлөлттэй байхад алданги тооцож төлүүлдэг нь таалагдахгүй байгаа учраас байхгүй болгоно гэх хүн байсан. Тэр нь багавтархан байгууллагын нягтлангуудын төлөөлөл байсан юм. 

Гэхдээ Монгол Улс орлогын албан татвар татвар харьцангуй багатай орон гэж тооцогддогийг энд санах хэрэгтэй болов уу. 

Бүгд НӨАТ төлөх үү

Нэг түүх яриад эргээд сэдэвтээ оръё.  Францын татварын албаны дарга татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд нэмүү өртгийн албан татварыг анх бий болгосон байна. Энэ нь худалдагч, үйлдвэрлэгч өөрийн борлуулж байгаа бараа, үйлчилгээний үнэ нь дээр нэмээд НӨАТ 10 хувийг суулгаж, тэрхүү НӨАТ-ыг худалдан авагч худалдан авсан бараан дээрээ нэмж 10 хувиар төлдөг болсон явдал. Гэхдээ худалдан авагч НӨАТ төлсөн 10 хувийн татварын баримтаа хадгалж байгаад татварын байгууллагаас 10 хувиа эргүүлэн авдаг тогтолцоо энэ дэлхий дээр бий болжээ. 

НӨАТ-ыг босгогүй болгох, өөрөөр хэлбэл бүх ААН НӨАТ төлөх хэрэгтэй гэж үзсэн нэг хэсэг нь яг энэ үндсэн зорилгоор нь хэрэгжүүлэхийг хүсэгчид байсан. Тэд энэ санаагаа “Яагаад гэвэл НӨАТ-ыг ААН биш, бараа үйлчилгээг худалдан авч байгаа эцсийн хэрэглэгч төлдөг. ААН-үүд зөвхөн төрд дамжуулж өгдөг. Тэгээд иргэн бүр ганц талх авсан ч баримтаа цуглуулж байгаад НӨАТ төлсөн баримтаа цуглуулж байгаад 10 хувиа эргүүлээд авдаг болчихвол болно” гэж тайлбарлаж байна.

Үнэхээр ч яг өнөөдрийн байдлаар бид худалдаж авсан бараа үйлчилгээ бүхэндээ НӨАТ төлчихөөд тэр бүрий буцааж авч чаддаггүй. Харин дээр хэлсэнчлэн бүгд ёс горимдоо орчихвал жилд зарцуулсан мөнгөнийхөө 10 хувийг эргүүлж авах боломж байна. Засгийн газар бөөн юм болж, болж цалинг 10 хувиар нэмдэг. Гэсэн ч НӨАТ-аар буцаагаад найман хувийг нь авчихаж байна. НӨАТ-ыг цэгцэлж, бүгд 100 хувь буцааж авдаг болчихвол цалингаа ядаж бүтнээр нь авч байгаатай ялгаагүй болно. . Ингэхийн тулд захын наймаачнаас бараа авсан ч заавал баримт авах хэрэг гарна. Бид ер нь бол энэ чигт явах ёстой нь мэдээж. 

НӨАТ-ыг босгыг инфляци, худалдан авах чадварыг харгалзан нэмдэг болъё

УИХ-аас баталсан, одоо мөрдөгдөж байгаа хуульд НӨАТ суутган төлөгчийн босго 50 сая төгрөг байгаа. 2015 онд буюу анх баталж байх үед МАН-ын бүлэг энэ тоог 250 сая байх нь тохиромжтой гэж үзэн завсарлага авч байсан удаатай.

УИХ 50 сая тоог гаргахдаа Аудитын тухай хуульд “50 саяас дээш төгрөгийн активтай аж ахуйн нэгж аудитын шалгалт заавал хийлгэнэ” гэсэн заалттай уялдуулсан байх, одоо хүртэл энэ чигээрээ явж байна.

Гэхдээ өмнө нь мөрдөгдөж байсан НӨАТ-ын 10 саяын босгыг 1998 онд тогтоосон. Харин Аудитын тухай хуульд заасан 50 саяыг 2006 онд тогтоосон. 21 жилийн өмнөх 10 сая төгрөг одоо хэд болсон билээ гээд бодохоор НӨАТ-ын босгыг нэмсэн биш, харин ч багасгасан болох харагдана. 2006 оны 50 сая төгрөг одоо хэд болсон бэ гэвэл бас л өөр тоо гарна.

Инфляцийн түвшин жилд 10 буюу түүнээс дээш хувь байсан гэж үзвэл бараг 100 сая төгрөг болсон байх учиртай. Инфляциас гадна худалдан авах чадвар гэж нэг чухал юм бий. 1998 оны 10 сая төгрөгийг инфляци жилд 20 хувь байсан гэж тооцоход 16 жилийн дараа 320 хувьтай байх тооцоо гарч байна. 32 сая төгрөг болсон гэсэн үг. Гэтэл 1998 онд 10 сая төгрөгөөр 3 өрөө орон сууц авч болж байсан. Харин өнөөдөр 150 сая болчихоод байна.

Тиймээс НӨАТ-ын босгыг үнэхээр нэмэгдүүлье л гэж байгаа бол Аудитын тухай болон НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж /мөнгөний худалдан авах чадвар ханш, тухайн үед ам.доллартай харгалзаж байсан ханш зэргийг бодолцон/ шийдвэрлэх нь чухал болов уу. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. өртгийг хаана хаана ямар дамжлага дээр нэмээд байгаа юм? ил тод биш бүх юм нь далд. эдийн засаг нь ч далд, нөат нь ч далд. давхардуулж аваад буцаах дээр байхгүй шүү.

    0 0 Хариу бичих
    • азаа үз сугал гэж даажигнаад. буцаалт дээр азтай байна уу гүй юу гэсэн улсаас азгүй дээр тохируулчихсан.

      0 0
  2. ер нь нөат-2% буцаасанаас нөат-н 10%аа хасаад хямдруулаад авсан нь дээр шүү дээ. бөөний худалдаа сүлжээ дэлгүүрийхэн монголд бол монополь байгаа ш дээ. бараагаа заруулхад мөнгө өгөхгүй өөрсдөө эргэлдүүлж байгаад л өгнө .

    0 0 Хариу бичих
  3. НӨАТ өгөхгүй аргалдаг болсон. Ялангуяа хүнсний худалдаа. Харин бараа, бэлэн хувцас бол бараг өгөхгүй. Дээр нь банкууд мсж нэрээр бааахан мөнгө хумсална ЯМАР НӨАТ БАЙХГҮЙ

    2 0 Хариу бичих
  4. НӨАТ өгдөггүй газрууд олширсон шүү дээ. Авъяа гэхээр "өнөөдөр компьютер засвартай", "сая эвдрэл гараад", "манайх НӨАТ өгдөггүй" яагаад гэхээр "дээд газар мэднэ" "манайх эрүүл мэндийн байгууллага учир хил гаалиар НӨАТ нь төлөгдсөн учраас манайх дахин хөнгөлөхгүй" гэх мэтийн олон шалтаг шалтгаан тоочдог болсоор удаж бна. Энэ талаар иргэдэд нэгдсэн ойлголт өгмөөр бна. За тэгээд хувиар худалдаа хийж байгаа нь НӨАТ бүр ч өгдөггүй нь ойлгомжтой. Ийм л байдлаар далд эдийн засаг гээч нь бий болдог бололтой.

    1 0 Хариу бичих
  5. НӨАТ орлогыг тодорхойлоход хэрэгтэй гэдэгтэй санал нэг. Гол нь буцаалтыг хүмүүс бүрэн ашиглаж чадаж байна уу? сургалт юм хэр орж байна?? Энгийн иргэд худалдан авсан бараандаа шингэсэн 10%-г буцаан авахдаа 2% нь ирж байгаа. Үүнийг сугалаа гэсэн жүжгээр халхалах нь дэмий. Шат дараатай иргэдэд очих хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Магадгүй энэ тогтолцоог бий болгож байгаа программ хангамж, хөгжүүлэл, ажлын хөлс, сүлжээний зардал гардаг байх. Гэхдээ ажиллаад 3 жил шахуу болж байна. Одоо өртөгөө нөхөж байгаа байх. Тиймээс 2%-г 5% болгоод 3 жил орчим болгоод 5%-с 8% болгох талаар ажиллавал... 2% нь улсдаа үлдэг. Тэр хэсгийг ард иргэдэд энэ тогтолцоог явуулах урсгал зардал гээд тайлбарлавал хүлээн авна.

    1 0 Хариу бичих
  6. Mongold tatvaraas ih yum alga. Yaduu humuust l daramt boldog tatvar. Harin tomchuud ni tatvar toldoggui. Tiim bhad tatvar huraagaad ch yadiin. Huraasan tatvariig n 76 ba tuunii company uud huvaaj idne. Etsestee shudraga bgaa ni hohirono. Togtoltsoogoo saijruulchaad tatvar huraah tuhai bod. НӨАТ бол ядуучуудад л илүү дарамт өөр зүйл биш. Хэзээ юу ярихаа мэдэрдэг болмоор байна

    0 0 Хариу бичих
  7. NOAT garsnaas hoish jijig delguuriin une tom tom super marketiin unetei adilhan unetei bolchihsonshdee.jijig delguuruud arai l hyamdhan baidag bsan shdee.

    0 0 Хариу бичих
  8. Босгогүй байвал хяналт хэрэгжинэ. Энэ бол НӨАТ-ыг 100 хувь авч хууль хэрэгжинэ гэсэн үг,

    0 0 Хариу бичих