500 гаруй ажлын байр зарлагдах хөдөлмөрийн яармаг болно

Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах аж. 

Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 1100 гаруй гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд орсон байна.

Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуй нэг, байгууллагын 500 гаран  нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой.

Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3000 орчим ажлын байрны танилцуулга тараагдахын дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжих цогц сургалтын талаар танилцуулах аж. Уг сургалтын хүрээнд дөрвөн сарын хугацаатай ур чадвар эзэмшүүлэх найман мэргэжлээр иргэдийг бүртгэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)