Н.Баяртсайхан чөлөөлөгдсөн ч шинэ ерөнхийлөгч томилогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлнэ

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Байнгын хороо тэднийг чөлөөлөхийг дэмжсэн. Албан тушаалтай холбоотой Байнгын хорооны шийдвэр чуулганы хуралдааны үеэр өөрчлөгдөж байсан жишиг ховор. Тиймээс тэднийг чөлөөлөх магадлал өндөр. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн хувьд өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байгаа.

Энэхүү хоёр албан тушаалд УИХ-ын дарга нэр дэвшүүлж, парламентаас томилдог бөгөөд Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар тэднийг ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардсан. Ийнхүү томилдог албан тушаалтан нь тэднийг чөлөөлөх санал гаргаснаас гадна Байнгын хороо дэмжсэнтэй холбоотойгоор дээрх хоёр байгууллагын “Дараагийн удирдлага хэн бэ” гэсэн таамаг дэвшүүлж эхлээд байна. УИХ-ын дарга тэднийг чөлөөлөх санал гаргаад удаж байгаа учир дараа нь хэнийг нэр дэвшүүлэхээ төлөвлөчихсөн байхыг үгүйсгэхгүй.

Харин дараагийн хүнийг нь ямар процедураар томилох вэ, тэр хүртэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог хэн удирдах вэ. Энэ тухай Төв банкны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд дараах байдлаар тусгажээ.

Төв банкны тухай хуулийн 26.8-д “Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын Их Хурлаас дараагийн Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилсноор дуусгавар болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг УИХ өнөөдөр чөлөөлсөн ч тэрээр дараагийн ерөнхийлөгчийг томилогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Мөн Монголбанкны ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн дотор банкны удирдах албан тушаалд ажиллахыг хоригложээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тухайд шууд чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16.3-т “Хорооны дарга нас барсан, эсхүл түүнийг энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлсөн, огцруулсан бол түүний үүргийг шинэ даргыг сонгох хүртэл санхүүгийн салбарт хамгийн олон жил ажилласан орон тооны гишүүн гүйцэтгэнэ” гэж заажээ.

Харин дараагийн хүмүүсийг томилох шалгуурын тухайд “Монголбанкны ерөнхийлөгчийг томилохдоо эдийн засаг , банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэж заасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тодорхойлохдоо “Хорооны дарга нь эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ter ganbat l bish shuu saijruldaggu yumaa gehed muujruulmaargui bna nuhuduu

    0 0 Хариу бичих
    • Tsagdaagiin hun baixaa, odoo MBd huulich hiideg baih,

      0 0