Италийн Каммарата хот ирж суурьшсан хүмүүст үнэгүй орон сууц өгнө

Италийн Сицили мужийн Каммарата хотын захиргаа шинээр ирж суурьшсан хүмүүсийг орон сууцаар үнэгүй хангана гэж зарлажээ. “Lonely Planet” энэ талаар мэдээллээ.

Одоо тус хот 6000 орчим оршин суугчтай бөгөөд өөр газар шилжин суурьшихаар явах нь элбэг болоод байгаа аж. Тиймээс хотын дарга Винченцо Жамброне өөр газар суурьшихаар явж байгаа хүмүүсийн амьдарч байсан орон сууцыг шинээр шилжиж ирэгсдэд үнэгүй өгөх шийдэл олжээ. “Энэ бол Каммаронег үгүй болгохгүйн тулд хийх ёстой зайлшгүй алхам. Хотоо орхиж явж байгаа хүмүүс цаана нь гарч байгаа үр дүнг бодохгүй байна. Эртний түүхтэй энэ хот устаж үгүй болох ёсгүй” гэж В.Жамброне мэдэгдэлдээ онцолжээ.

Хотын захиргаанаас одоогоор шинээр шилжин ирэгсдэд 10 гаруй байшинг үнэгүй эзэмшүүлэхээр санал болгоод байгаа бөгөөд үүн дээр удахгүй 100 гаруй байшин нэмэгдэх юм байна. Шинээр шилжин ирэгсэд олон хүүхэдтэй, залуу гэр бүл байх юм бол давуу тал болно. Тэдэнд мөн захиргаанаас хотод нь ирж суурьшсаны төлөө 1000 еврогийн нэг удаагийн тэтгэлэг олгоно гэдгээ В.Жамброне амалжээ. Шинээр ирэгсэд гагцхүү байшингаа засварлах мөнгийг өөрсдөө гаргах ёстой. Энэ нь 5000 орчим евро болно. Хотын захиргаа шилжин ирэгсдийг хотод нь тогтвортой суурьших сонирхолтой гэдгийг нь батлахын тулд энэ шийдлийг олсон бөгөөд засвар дууссаны дараа мөнгийг нь нөхөн олгох аж.

Каммарата нь оршин суугчдаа алдаж байгаа Италийн олон жижиг хотуудын нэг нь л юм. 2000 орчим оршин суугчтай Мопизе гэх хотын захиргаа шинээр шилжин ирэгсдэд сард 700 еврогийн тэтгэлэг олгоно гэдгээ өнгөрсөн есдүгээр сард зарласан. Тэтгэлгийг гурван жил олгох бөгөөд нийт хэмжээ нь 25.2 мянган евро болж байгаа юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)