Утаагаар биш үнсээр амьсгалах уу...

Нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглож, оронд нь сайжруулсан түлш түлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа билээ. Гэхдээ хэрэгжилт нь хаврын адаг сард эхэлсэн болохоор үр дүнг нь энэ өвөл л бодитоор харах гэж байна. Улаанбаатар хотын гэр хороолол дахь 220 мянган өрхийг 600-700 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангана хэмээн "Таван толгой түлш" ХХК амлалт өгөн ажиллаж буй.  Шахмал түлшний гол түүхий эд нь угаасан нүүрс учир хэдий агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах ч үнс нь эргээд хөрс, агаарыг бохирдуулах нэг хүчин зүйл болдог.  

Тэгвэл гэр хорооллын 220 мянган айлаас гарах үнсийг яах вэ?

Үнс гэдэг нь нүүрсэнд агуулагдах шатдаггүй нэгдэл юм. Нүүрсэнд агуулагддаг дэгдэмхий хэсэг нь дэгдэж гараад шатдаггүй хэсэг буюу үнс үлддэг. 

Одоо хэрэглэж буй сайжруулсан түлшний нийт жингийнх нь 20 гаруй хувьд шатдаггүй органик бус нэгдэл бий гэх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний 20 гаруй хувь үнс гэсэн үг. Монгол дахь нүүрснүүдийн хувьд 10-20 хувийн шатдаггүй органик бус нэгдлийг агуулдаг байна. Иймд шахмал түлшнээс гарах үнсний хэмжээ ердийн нүүрс түлснээс бага зэрэг илүү байдаг аж. 

Судалгаанаас харвал нэг айл өрх жилд дунджаар 3-5 тонн нүүрс түлдэг ба шаталтын үлдэгдлийг дээрх агууламжаар нь тооцоод үзвэл 100-160 мянган тонн үнс хаягдал болон гардаг байна. 

Гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан түлш түлснээр утаа буурах нь дамжиггүй. Гэлээ гээд агаарын бохирдлыг бууруулахгүй. Агаарын бохирдол нь илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Утаа хүйтэн сэрүүний улиралд л гардаг бол агаарын бохирдол бүтэн жил хэвээрээ байдаг.    

“Бохирдол” гэж ерөнхийлөн нэрлэж буй, урин дулааны улиралд ч өвлийн хүйтэнд ч агаарт байдаг тэрхүү зүйл нь PM10 /бүдүүн ширхэглэгт тоосонцор/ юм. Агаарыг бохирдуулж байгаа олон бодис бүгд хүний биед хортой ч PM10, PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор хамгийн хөнөөлтэй нь гэдэг. Энэхүү тоосонцрын эх үүсвэр нь үндсэндээ цахилгаан станц болон гэр хорооллын айл өрхүүдийн зуухнаас гарч буй үнс юм.

Нүүрсийг л бүрэн шатаавал утаа багасна гэж ойлгодог. Гэтэл үнсээ яах вэ? Утаа л яриад байсан болохоос үнсний хор уршгийг үнэндээ орхигдуулжээ.

Өвөл ил задгай хаягдсан үнс салхи, хүн, машины хөлөөр талхлагдан агаарт дэгдэж бохирдуулдаг. Тиймээс үнс буюу бүдүүн ширхэглэгт тоосонцрыг агаарт дэгдээхгүй байх тэмцлийг дорвитойхон явуулах цаг ирсэн.

Тавантолгойн өндөр илчлэг бүхий нүүрсний хаягдлаар хийсэн шахмал түлш хэрэглэснээр хэрэглээ 50 хувиар буурч, ялгарах хорт утааны хэмжээ ч төдий чинээ буурна гэж шийдвэр гаргагчид тооцож буй. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахад өөр олон арга хэмжээнүүд хэрэгтэй. Үүний нэг нь гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй үнсийг агаарт дэгдээлгүй барьж үлдэх явдал юм.

Гэр хорооллын иргэд “25 кг нь тэр чигээрээ үнс болж байна. Ойр ойрхон хогоо ачдаггүй, хашаагаар нэг үнс дүүрлээ. “Хогоо ач” гээд ТҮК-ээс олон удаа гуйж байна” гэсэн гомдлыг хэлж байлаа.

Үнс их гараад байгаагийн учрыг Шинжлэх ухааны доктор, профессор Г.Бадамхатан хэлэхдээ “Нүүрсний шаталтаас үүсэх үндсэн бүтээгдэхүүн нь үнс болно. Нийт үнсний 80-90 хувь нь дэгдэмхий үнснээс бүрдэх бөгөөд агаар мандалд шууд цацагдан амьсгалын замаар дамжин цусанд орон эд эс гэмтээн хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг. "Таван толгой түлш" компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал нүүрс нь мөнгөн ус, манган, никель, селен, сурьма, мышьяк, өериллий, кадмий, хром, кобальт, хар тугалга зэргийг үнсэндээ авч үлдэж байна. Энэ нь маш сайн үзүүлэлт. Үнс их байх тусмаа агаар мандалд цацагдах хорт хий, нүдэнд үл үзэгдэх дэгдэмхий үнс зуухандаа үлдэж буйг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.

Сайжруулсан түлшийг түлж, туршиж үзэхэд шаталтын хувьд маш хурдан, яг л мод шиг дүрсхийж асаж байна. Харин “тэр чигээрээ үнс” болж байгаа нь бараг л үнэн юм. Ойролцоогоор 25-30 ширхэгийг түлэхэд, түргэн асаж 2-3 цаг дулаанаа барьж байна. Тиймээс “Таван толгой түлш” ХХК-иас ТҮК-тэй хамтарч ажиллан, хугацаандаа үнсийг нь ачуулах хэрэгтэй болж байна.

Үнсийг агаарт дэгдээхгүй байхад үнс хадгалах зориулалтын сав чухал үүрэгтэй. Гэвч өдгөө гэр хорооллын айлууд хашаан дахь төмөр савандаа үнсээ ил задгай хийн түүнээсээ шуудайлан хог руу ачуулж байна. Үнс хуримтлуулж байгаа төмөр сав нь таггүй болохоор ойр хавьдаа тархан байгаа.  Иргэдийн хэлж байгаагаар эхний цаснаар л өнөөх үнс гудамжаар нэг хөглөрдөг гэнэ. Энэ жил цас багатай дулаан байгаа болохоор гэр хорооллын гудамж үнсэндээ дарагдсангүй хэмээн ярилаа. Гэхдээ цагтаа хогоо ачаагүй ТҮК-ийхний  уршгаар иргэд гудамжинд үнстэй шуудайнуудаа эгнүүлэн тавьжээ.

Ил задгай хаясан үнс агаарт хөөрч эргэж буух давтамжтайгаар олон жилийн турш агаар, хөрсийг бохирдуулдаг. Тиймээс айл өрх бүрийг үнс хадгалдаг зориулалтын савтай болгох ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн ИТХ, ЗДТГ, Байгаль орчны газраас “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төсөл, судалгааны уралдаан зарлаж байв. Тус уралдааны судалгааны төрөлд “Гэр хорооллын хаягдал-нүүрсний үнсийг ашиглан гарган авсан шингээгч материал” тэргүүн байр эзэлжээ. Уг судалгааг ахалсан Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,  академич Ж.Тэмүүжин "Айлуудаас гарч байгаа үнс нь хаягдал болох төдийгүй хөрс, агаар, орчны бохирдлыг үүсгэж байна. Ингэж их хэмжээгээр хаягдал болон гарч байгаа  үнсийг шингээгч материал болгон ашигласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хямд өртөг бүхий бүтээгдэхүүн бий болгох боломж бидэнд байгаа.Үйлдвэрлэлийн хаягдлыг боловсруулж, шинэ төрлийн материал гарган авснаар байгаль орчны бохирдлыг багасгах, тэр дундаа зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа шинэ төрлийн материалыг хаягдалд суурилан гарган авах боломжийг анхлан судалснаараа энэ бол шинэлэг ажил байсан.

Манай улсад үйлдвэрлэж буй цемент нэг кг нь 200 ба түүнээс доош төгрөгийн үнэтэй. Харин нэг тонн үнсээр шингээгч материал гарган авахад 70 кг цемент буюу 14,000 төгрөг зарцуулагдана хэмээн тооцоолжээ. Улмаар гаргаж авсан маттериалаа "Харгиа" ус цэвэрлэх байгууламжийн хаягдал усан дээр туршиж үзсэн нь амжилттай болсон байна.  Энэ нь химийн гаралтай шингээгч материалаас хавьгүй хямд буюу нэг тонн шингээгчийн түүхий эдийн зардал нь зургаан ам.долларт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний валют хэмнэх боломж олгох юм. Тиймээс хаягдал үнсийг ашиглах нь байгаль орчиндоо ч, эдийн засагтаа ч олон талын ач тустай хэмээн үзэж байна" гэжээ.

Ер нь хэрэгжүүлэх арга хэлбэрийн хувьд ямар ч байж болно, гол нь үр дүн гаргах хэрэгтэй байна. 

Шахмал түлшээ үргэлжлүүлэн ашиглахад хавар гэхэд 170 мянган тонн үнс агаар хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нь. Иймд шахмал түлшний үнсийг хэрхэн ашиглах талаар анхаарч, үнсээ яаж цуглуулах тухай санаа тавих цаг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. agaart garch bsan tortog ni uns bolood uldeed baihad l uheh geed baih yumaa ho

    0 0 Хариу бичих
  2. ашиглах арга гэсэн чинь баахан үглэж нуршсан юм бна хог гэж хог бна даа.

    0 0 Хариу бичих
  3. ньюйорк токио парис жэнев берлин хотууд асуудлаа энэ шахмал түлшээр шийдсэн л гээд байх юм. хэнийх шахмал нүүрс түлээд байгаа юм.

    0 0 Хариу бичих
  4. joker-ын дүр санаад ороод болдоггүй ээ. маш сайн түлш гэж зарлаад байгаа болхоор хүмүүс үхэхгүй тулд харанхуй шөнөөр өөр юм шатаагаад байна. утаа нь харагдахгүй ч үнэртээд байна шдээ, зайсан нүхт их тэнгэрийхэн. жаргалант амыхаан.

    0 0 Хариу бичих
  5. өмнөх сайжруулсан түлш гээд дотор нь шавар, туйпийны үүрмэг хүртэл хийчихсэн өнөөх нь яаж асах вээ дээ. асаах гэж зовж байж билээ. одоо бас заавал шавар холих хэрэг байгаа юмуу? шатаах гэж баахан хугацаа.

    0 0 Хариу бичих
  6. шөнө шатаж байгаа хуванцар үнэртэж байнаа. утаа нь шөнө харагдахгүй, шөнө олдсон болгоноо шатаажээ. энэ засгийн үед амьд үлдэх гэж байдаг бүхнээ л хийж байх шиг.

    0 0 Хариу бичих