Харж л байхаас, Монголбанкинд сахил хүртээх нь үү, шал дордуулах нь уу

Юм уг нь сайжирч байх учиртай. Жишээ нь, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулж байгаа бол түүнээс илүү ур чадвартай хүнийг л энэ албан тушаалд томилох ёстой юм. Гэтэл Төв банкны ерөнхийлөгчийн суудал улс төрийн бялуу хуваах схем рүү л явж байгаа сураг дуулдах боллоо. Энэ тухай өгүүлэхийн өмнө Төв банкны ерөнхийлөгчид тавигддаг хуулийн шаардлагыг цухас танилцуулах ёстой болов уу.

Төв банкны тухай хуулийн 26.3-т “Монголбанкны ерөнхийлөгчийг томилохдоо эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэж зааж өгчээ. Цагаан дээр хараар бичсэн хуулийн энэхүү шалгуурыг хангаж томилогдсон Н.Баяртсайхан нь ямархуу ажилласныг Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсноос харж болно.

Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг огцрохыг шаардаж, Эдийн засгийн байнгын хороо огцруулахыг дэмжээд байгаа биз. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөөлөгдөх нь бараг тодорхой болчихсон Н.Баяртсайханы ажлын туршлагыг нэхэн харвал тэрээр УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон, Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан, эдийн засгийн ухааны доктор, профессор хүн ажээ.

Энэ хүнд төрийн мөнгөний бодлогыг хариуцуулаад алдаа гаргасан гэж огцруулж байгаа бол УИХ түүнээс илүү нэгнийг л энэ албан тушаалд томилох нь логикийн хувьд зөв юм. Гэтэл Төв банкны дараагийн ерөнхийлөгчид яригдаж байгаа, тэр тусмаа томилогдох магадлал хамгийн өндөртэй хүн нь Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат гэх. Татварын байцаагчаас Сангийн яамны Газрын дарга болсон түүнд Төв банк удирдах хэмжээний чадвар байгаа эсэх нь хэнд ч эргэлзээтэй.

Хүлээн зөвшөөрөгдөх байдал, ажлын туршлага зэргээс нь харахад одоогийн ерөнхийлөгчтэй нь харьцуулашгүй. Гэтэл ийм хүнээр Монгол Улсын мөнгөний бодлогыг бариулахаар улстөрчид “хор найруулж” байгаа сураг гарах боллоо, харин салбарын эдийн засагчид нь “За Ж.Ганбат л биш шүү” гэж ярьж яваа дуулдах юм.

Үнэхээр ч яамны газрын даргаас дээш албан тушаал хашиж үзээгүй хүнд Монгол Улсын мөнгөний бодлогыг барь гээд итгээд суух нь зөв үү. Монголбанкны ерөнхийлөгч гэдэг хэн дуртайнх нь хийдэг ч ажил биш. Монгол Улсын бүх иргэний халаасан дахь мөнгөний хэмжээ цаашид хэд байхыг шийдэх хариуцлагатай албан тушаалтан. Гэтэл улстөрчдийн тохироогоор, фракцуудын наймаагаар Төв банкны ерөнхийлөгчийн суудлыг хуваах гэж байдаг...

Ядаж Н.Баяртсайханаасаа дээрдүүлэхгүй юм гэхэд дордуулахгүй хувилбар дэвшүүлээсэй. Сахил хүртээж байна гээд шал дордуулж орхих вий дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Монголбанк бол заавал Ерөнхийлөгчөөсөө шалтгаалаад байх шаардлагагүй сайн бүтэцтэй, хүчтэй боловсрол мэдлэг туршлага бүхий боловсон хүчинтэй байгууллага л даа. Уг нь аливаа улсын Төв банк улстөрөөс ямар ч хамааралгүй байх ёстой ийм байгууллага. Манайд ч мөн адил хуулиар ингэж зохицуулагдсан боловч хэрэг дээрээ улстөрөөс хамааруулах гээд байдаг юм. Хэрвээ, Ерөнхийлөгчийг нь солих шаардлагатай байгаа бол одоо хүртэл эрч хүчтэй хэвээрээ байгаа хуучин Ерөнхийлөгч нараас нь томилоход болохгүй гэх газаргүй мэт. Тухайлбал, Золжаргал, Батсүх, Үнэнбат, мөн дэд Ерөнхийлөгч нь хийж явсан Болд ч гэсэн энэ ажлыг өлхөн бөгөөд маш амжилттай хийгээд л явчих хүмүүс юм. Даан ч эдгээр нөхдүүдийн дийлэнх нь АН талдаа болохоор Төр барьж байгаа МАН томилохгүй л дээ.

    2 0 Хариу бичих
  2. Сангийн хүний сэтгэлгээ ядуу байдаг шүү

    1 0 Хариу бичих
  3. za bolioch dee ganbat l bish shuu saijruuldaggu yumaa gehed muujruulahgui l bgarai

    1 0 Хариу бичих
  4. Өрсөлдөгч нь бичүүлж бган биздээ хаха ишшшшчааваас

    0 0 Хариу бичих
  5. Аль 90ээд оны сүүлээс л Сангийн яаманд, Төсвийн удирдлагын хэлтсийн даргаар, Газрын даргаар 10 гаруй жил боллоо ш дээ. Аль ч нам гарсан байж л байдаг бараг ганц хүн байх аа. Төсөвт мэргэшсэн хүн гэж боддог

    0 0 Хариу бичих