Хэнтий, Сүхбаатарт өвөлжилтийн бэлтгэл хангагдсан гэлээ

Хэнтий, Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.3-91,7 хувь байгааг орон нутгийн удирдлагууд танилцуулаа. 

            Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 8.9 мянган малчин өрхөд 5.1 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 8.9 сая толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэлийг 91.7 хувьтай хангаад байна. Тодруулбал Хэнтий аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл  хангасан ерөнхий дүнгээр  малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 86.8 хувь, аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 111.1 хувь, сумдын аюулгүй нөөц бүрдүүлэлт 73.7 хувь, худгийн бэлэн байдал 92.3 хувь, малын усан хангамж 92.1 хувь, хашаа бууцны хангамж 92.2 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.2 хувь, аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн 91.7 хувьтай байна. 

            Сүхбаатар аймаг байгалийн хадлан бэлтгэх техникийн засвар үйлчилгээг бүрэн хангуулах ажлыг аймгийн хэмжээгээр зохион байгуулснаар 7 суманд хадлангийн 47 хэсэг салаа, 173 машин техник, тоног төхөөрөмж, 210 хүн байгалийн хадлан бэлтгэх ажилд оролцсон гэлээ. Үүний үр дүнд аймгийн хэмжээгээр 14490 тн өвсийг хадаж бэлтгэсэн. Энэ онд аймгийн аюулаас хамгаалах нөөцөд 480 тн өвс, 20 тн тэжээл, сумдын аюулаас хамгаалах нөөцөд 1050 тн өвс, 155 тн тэжээлийг сум бүр нөөцийнхөө агуулах, хашаанд нөөц бүрдүүлээд байна. Малчид, иргэд 11760.7 тн өвс, 525.0 тн ногоон тэжээл, 2030 тн үйлдвэрийн тэжээл, 453 тн гар тэжээл, 15495 тн давс, хужир шүү бэлтгэжээ. Сүхбаатар аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 81.3 хувьтай хангаад байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)