АТГ: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг давамгайлав

Авлигатай тэмцэх газраас энэ оны эхний арван сард 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Мөн 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн аж.

Энэхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр нь ангилбал, хамгийн их нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг давамгайлжээ. Тодруулбал, энэ төрлийн хэрэг мөн хугацаанд 586 буюу 44.5 хувийг эзэлж байгаа юм байна. Тэгвэл дараа нь хахууль авах гэмт хэрэг 144 буюу 10.9 хувь, хахууль өгөх гэмт хэрэг 146 буюу 11.1 хувийг эзэлжээ. Харин төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 21 буюу 1.6 хувь, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 38 буюу 2.9 хувь гэх мэт байгаа гэнэ.

Тэгвэл энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой хэрэг, "Жаст" компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг тус газраас тодотголоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)