Цэцийн шийдвэрийг цэгнэх нь

Өдөр өдрийн дуулиан тасрахгүй үргэлжилсээр. Эцэстээ дуулианыг дуулианаар дарлаа гэх улстөржилт, хардлага бий болов. Үүний эхлэл нь АМНАТ-ыг “агнасан” Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр. Энэхүү шийдвэрийг тойрсон олон байр суурь, эргэлзээ байна. Тиймээс нөхцөл байдлын дэлгэрэнгүйг энд тоймлоё.

Аравдугаар сарын 30-нд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүйд тооцсон шийдвэр гаргав. Ингэхдээ хуулийн 47.1 дүгээр зүйл буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-тэй холбоотой заалтуудыг хүчингүйд тооцсон.

Хүчингүйд тооцсон заалтыг доороос харна уу?

47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
47.1. Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
47.3.1. дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;
47.3.2. Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
47.5, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дугаар заалт.

Цэц яагаад ийм шийдвэр гаргав?

Юманд учир, суманд гичир бий. Үүний адилаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт шалтгаан байсан юм. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ өөрчлөлтөөр Цэцийн хүчингүйд тооцсон заалт буюу дээр дурдсан 47.1-ийг оруулсан. Харин энэхүү өөрчлөлтийг дагаж, мөрдөх журам нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас таван сарын дараа буюу есдүгээр сарын 4-нд УИХ-ын 342 дугаар тогтоолоор батлагдсан юм. Ингэхдээ хуульд ашигт малтмалыг ашигласан, худалдахаар ачуулсан хуулийн этгээд АМНАТ-ийг төлөхөөр тусгасан. Гэвч хуулийг дагах журмаар АМНАТ-ийг олборлосон, баяжуулсан, боловсруулсан хуулийн этгээдүүд тус бүр төлж байгаа тул хуулийн давхардал үүссэн гэж үзэн, заалтуудыг хүчингүй болгосон байдаг.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдаж авч худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх этгээд уг төлбөрийг давхардуулан авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь Үндсэн хуулиа
зөрчсөн үйлдэл.

Төсөв тасалдах уу?

“Үндсэн хуулийн Цэцийн гишүүд ээ, та бүхний гаргасан шийдвэрээр ашигт малтмал ашигласны татвар байхгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо, ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч боллоо.

Цэцийн шийдвэрийн дагуу “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой”, “Цайрт минерал” зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна”. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ийнхүү жиргэж Цэцийн шийдвэрийг олны чихэнд хүргэсэн. Ингэснээр Цэцийн шийдвэр улсын төсвийг тасалдуулна гэсэн ойлголт олон нийтэд хүчтэй хүрсэн. Тэгвэл одоогийн байгаа нөхцөл байдлаар  Цэцийн шийдвэрийн улмаас Монгол Улсын 2019 оны төсөв тасалдах эрсдэл байхгүй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 

Энэ онд Монгол Улс АМНАТ-аас 1.2 их наяд төгрөгийн олохоор төсөвт тусгасан. Эхний арван сарын байдлаар 1.1 их наяд төгрөгийн АМНАТ авсан байна. Үлдсэн хугацаанд төлбөрөө бүрдүүлнэ. Ингэхээр энэ оны төсөв тасалдахгүй.

Харин Сангийн сайдын хэлээд буй санаа нь 2020 оны улсын төсөвт АМНАТ-аас 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Хэрэв Цэцийн шийдвэрийг энэ хэвээр үлдээвэл ирэх оны улсын төсөв энэ хэмжээгээр дутна гэсэн үг юм. Мэдээж асуудлыг ийнхүү мэдэж байж зүгээр орхихгүй нь тодорхой. Гэвч...

Үл ойлголцол үүсэв

АМНАТ-ыг олборлох, борлуулах, баяжуулах бүх шатанд авдаг Үндсэн хууль зөрчсөн алдаагаа зас гэсэн Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, Сангийн сайдын толгойн өвчин болсон улсын төсвийг 1.3 их наядаар дутаахгүй байхыг засах ганцхан “түлхүүр” нь Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах. Гэвч асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй нь бололтой. Учир нь яаралтай хуулийн төсөл оруулж, байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-д аваачих ёстой энэ асуудал нь Уул уурхай хүнд үйлдвэрийн болон Сангийн яамны үл ойлголцлоос болж хугацаа алдаж байгаа юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан ч хоёр яамнаас хоёр өөр санал ирсэн учраас УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг хуралдаж, хайнааг хагална.

Өөрөөр хэлбэл, Сангийн сайд төсвийн орлого гүйцэд хурааж авна гэсэн саналтай байгаа бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эдийн засгийн чөлөөт байдлыг боомилсон, Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж хуулийн төслийг шийдвэрлэхээр болж, УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч шийдэлд хүрэлгүй хойшлуулав. Гэвч энэ асуудалд ийнхүү маргаж, цэцэрхэж, хугацаа алдах боломж байхгүй юм. Бүр тодруулбал, УИХ 2020 оны төсвийг энэ долоо хоногт батлах ёстой. Хүрд эргэсээр нэгэнтээ хуулийн хугацаа тулаад иржээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Төсөв батлах хугацаа дуусахад 14 хоногийн өмнө Цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь нэг, хоёр хүний эрх ашиг Монголын 3.2 сая хүний эрх ашгаас том болсны нэг нотолгоо боллоо.

Үүсээд байгаа энэ нөхцөл байдлын хүртэгч нь үйлдвэрлэгчид. Шууд хэлбэл, энэ АМНАТ-ыг төлөгчид. Үнэхээр Цэцийн шийдвэрийн дагуу татвараа давхардуулж төлдөг үү, эсвэл үгүй юү гэдгийг бодитоор нь тэд хэлэх ёстой. Гэвч ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрийнхэн чимээгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил тэдэнд байдаг уу гэлтэй. Цэцийн шийдвэрийг цэгнэхэд ийм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)