Найман аймагт хуванцар хог бутлагч машин хүлээлгэн өгчээ

Найман аймагт хуванцар хог бутлагч машин хүлээлгэн өгчээ. Тодруулбал, БОАЖЯ-наас Орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төслийн хүрээнд найман аймагт хуванцар хог бутлагч, пресллэгч машиныг хүлээлгэн өгсөн байна. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгийн БОАЖГ-уудын дарга нар нь энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төсөлд шалгарсан “Мог пластик” ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллах аж.

Бутлагч машин нь цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бол преслэгч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай гэнэ. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг УБ-т үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий болгон нийлүүлэхээр төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр байдаг бөгөөд жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй гэдэг. Харин энэхүү машинуудыг найман аймагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.  Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)