Хилийн чанадад шүүгдэгсэд

2018 оны тоогоор бол манай улсын 174 иргэн хилийн чанадад ял эдэлж байв. Эдгээр иргэд бүгд тухайн улсынхаа шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа. Хүн л болсон хойно хүний газар алдаж эндвэл, зохих шийтгэлээ хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ энэ удаа орчин үеийн түүхэнд хилийн чанадад шүүгдсэн төрийн томоохон зүтгэлтнүүдийн тухай түүх цухас сөхье.

АГДАНБУУГИЙН АМАР

Карьер: Ардын хувьсгалын үр дүнд байгуулагдсан шинэ Монгол Улсын эхний 20-иод жилийн түүхэнд гүнзгий холбогдох А.Амар бол Гадаад яаманд эрхэлсэн түшмэл, Дотоод ба Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, Улсын Бага Хурлын дарга зэрэг онц чухал албууд хашиж 1936-1939 онд Ерөнхий сайдаар ажилласан төрийн зүтгэлтэн.

Үнэлгээ: Шинэ тутам байгуулагдаж буй төрийн хууль, дүрэм, заавар гэх мэт 300 гаруй бичиг баримтыг боловсруулж, төрийн тогтолцоог төлөвшүүхэд А.Амар сайдын гаргасан зүтгэлийг түүхч
Ж.Болдбаатар “Өндөр дээд албанд зүтгэхдээ үндэсний ардчилсан чиг шугам баримталж, улс орны эдийн засгийг хөл дээр нь босгоход бололцоотой бүхнийг хийсэн” хэмээн дүгнэжээ. 

Шүүлт: А.Амарыг 1939 оны гуравдугаар сарын сүүлчээр “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилж, 1941 оны долдугаар сарын 10, 11-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаанаар ялын дээд хэмжээ өгч, долдугаар сарын 27-ны өдөр цаазалжээ. 

Цагаатгал: ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны арванхоёрдугаар сарын 15-ны уралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд түүнийг цагаатгасан.

ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН

Карьер: Гэндэн бол хошууны ХЗЭ-ийн үүрийн тэргүүлэгч, Арвайхээрийн хошууны МАН-ын үүрийн тэргүүн дарга, Улсын Бага хурлын дарга, Улсын Банкны Ерөнхий хорооны дарга, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, ГЯЯ-ны сайд, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны даргын албыг хашиж, 1932-1936 он хүртэл Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажилласан төрийн зүтгэлтэн.

Үнэлгээ: Түүхч Д.Эрдэнэбат түүний төрийн зүтгэлтний үйл хэргийг, “П.Гэндэнгийн гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь улс орондоо учирсан эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэгдсэн бөгөөд зах зээлийн өрсөлдөөний зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлж, улмаар... хоёр (БНМАУ болон ЗХУ) орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан Монголын эдийн засгийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршиж байв” хэмээн дүгнэжээ.

Шүүлт: 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч Зөвлөлт Холбоот Улсад амрахаар явсан П.Гэндэнг ЗХУ-ын дотоод хэргийн ардын комиссариатаас (НКВД) 1937 оны долдугаар сард улс төрийн хилст хэрэгт баривчилж, арваннэгдүгээр сарын 26 ЗХУ-ын хуулиар цаазаар авах ял заан, тэр өдөр нь Москвад цаазалсан. 

Цагаатгал: П.Гэндэнд холбогдуулсан хувьсгалын эсэргүү, Японы тагнуул хэмээх хэрэг гэгчийг ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1956 оны 12-р сарын 15-ны өдрийн магадлалаар хэрэгсэхгүй болгон цагаатгасныг үндэс болгон БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 2-р сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгаж нэр төрийг нь сэргээжээ.

ӨЛЗИЙТИЙН БАДРАХ

Карьер: Ө.Бадрах бол хошуу тамгын газар бичээч, мэйрэнгийн алба, 1924 оны Анхдугаар хурлын төлөөлөгч, Сангийн яамны сайд, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн.

Үнэлгээ: “ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз” номын зохиогч Баабар Ө.Бадрахын улс төрийн үзлийг, “монгол угсаатнууд нэгдэх биш харин өөр өөрийн онцлогоор бие даасан эрх бүхий автоном болох ёстой гэж үздэг аж” хэмээн дүгнэсэн бол түүхч Д.Эрдэнэбат түүний толгойлсон “Зүүнтнүүд”-ийн улс төрийн бүлгийн үйл ажиллагааг, “Анги, хөрөнгө ялгаварлах үзлийн улмаас төрийн албан хаагчдыг хоморголон халсан нь төрийн албан байгууллагуудын чадавхийг бууруулж, аливаа зорилтыг кампаничлан явуулах, албадах арга барил ноёлох болжээ. Хууль ёсыг зөрчих, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх эрх чөлөө хумигдаж, хүмүүсийг олноор үндэслэлгүй баривчлах, хорих явдал гаарчээ” хэмээн дүгнэжээ. 

Шүүлт: 1937 онд “Лхүмбийн” гэх зохиомол хэрэгт холбогдон Зөвлөлтөд хүргэгдсэн. Дөрвөн жилийн дараа Оросод цаазлагдсан. 

Цагаатгал: 1963 онд Улсын Дээд шүүхээс цагаатгажээ.

ДОРЖИЙН ОДБАЯР

Карьер: Д.Одбаяр бол Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, Тэргүүлэгч гишүүн, МЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, ХЗЯ-ны ахлах мэргэжилтэн, тасгийн ахлагч, газрын дарга, Дорнод аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, 2017 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажилласан төрийн зүтгэлтэн.

Үнэлгээ: Д.Одбаярын төрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн түүхч одоогоор алга байна. 

Шүүлт: ”The Korea Times” сонины мэдээлснээс 11-р сарын 06-нд БНСУ-ын Инчеоны орон нутгийн шүүхээс Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А нарыг онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан, мөн тухайн үед орчуулга хийсэн KAL-ийн монгол ажилтныг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн хэмээн сэжиглэж баривчлан байцаалт авах шийдвэр гаргажээ. Үүний дараа Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюугүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн прокурорт шилжүүлсэн байна. Түүнд бусдыг айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөж, 10 хоногийн хилийн хориг тавьсныг албаны эх сурвалж нотолсон. Дугаар шилжих үеийн мэдээгээр Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болжээ. Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон ба энэ нь эрүүгийн хүнд гэмт хэрэг биш учир торгууль төлүүлэх арга хэмжээ авна гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Цагаатгал: ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хэрэг эцэслэн шийдэгдээгүй тул цагаатгалын тухай ярихад эрт байна.

Өнгөрсөн цаг: Хэлмэгдүүлэлт

Түүхч С.Туяа 2013 онд хэвлүүлсэн “Харьд хэлмэгдсэн монгол иргэд” номондоо, 1930-1940-өөд онд ЗСБНХУ-д улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн 249 монгол хүн, БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссын шийдвэрээр ЗХУ-ын Эрхүү хотын шоронд хоригдож хэлмэгдсэн 26 монгол хүн, Ленинград мужийн ДХАК-ын удирдах газрын шийдвэрээр хэлмэгдсэн таван монгол хүн, ЗХУ-ын 17 дугаар армийн тагнуулын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаад сураггүй болсон 81 монгол хүний түүх, бүртгэлийг нийтлүүлжээ. Тэдний дотор Монгол төрд томоохон албан тушаал хашиж явсан олон арван төрийн зүтгэлтний нэр буй.

Нэн шинэ түүх

Дээрх төрийн зүтгэлтнүүд хилийн чанадад шүүгдсэнээс 90 гаруй жилийн хойно Монголын төрийн нэгэн томоохон албан тушаалтан хилийн чанадад шүүгдсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Өмнөд Солонгос улсад шүүгдсэн Д.Одбаяр бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга буюу УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргыг оролцуулаад Монголын хамгийн өндөр үүрэг, эрх мэдэл бүхий таван хүний нэг билээ.

Эдүгээгээс 78 жилийн өмнө ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” хэмээн өчиж байжээ.

Харин 78 жилийн дараа БНСУ-ын Инчеоны цагдаагийн газарт байцаалт өгөх үеэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр, “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай зүйл өчжээ. Монгол Улсын нэн шинэ түүх одоо цагийн иргэдийн гараар ертөнцийн өнцөг булан бүхэнд ийнхүү бичигдсээр...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)