Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

Идэш тэжээлгүй болсон баавгай суурин газар, малчны хот руу дайрч, хүн, малд халдах тохиолдол олон гарсан. Энэ асуудлаар БОАЖЯ-наас томилогдсон ажлын хэсгийн гишүүд Хэнтий аймгийн Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдад ажиллажээ. Ажлын хэсгийнхэн Хэнтий аймгийн БОАЖГ-ын Шуурхай багийнхан болон тэдгээр сумдын ажлын хэсгийнхэнтэй газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэн хамтран ажиллажээ.
Баян-Адрага суманд одоогийн байдлаар Ононгийн хойд биед хоёр багавтар баавгай хоер ч айлын хотонд орж бог мал барьж хохирол аюул учруулж байгаа бол сумаас урагш тариа бригадын хавьд нэг баавгай айлын хотонд "зочилж" хүн, мал сандаргасаар байгаа гэнэ. Ажлын хэсгийнхэн баавгайд отолт хийж, унтуулан зөөвөрлөх, дайжуулах, олон дахиж айлын хотонд орж хүний амь насанд аюул учруулах эрсдэл үүссэн тохиолдолд сумын ажлын хэсгээс хуулийн заалт, төвөөс өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу баавгайг "аюулгүй болгон тоо толгойг зохицуулах" өөрөөр хэлбэл шууд устгах онцгой арга хэмжээг хойшлуулашгүй авах чиглэл өгчээ. Баян-Адрага суманд айлын хотонд удаа дараа орж гэр эвдэн хүний амь насанд аюултай нөхцөл бий болсон онцгой тохиолдолд хоёр баавгайг аймаг сумын ажлын хэсэг хойшлуулашгүй арга хэмжээ авч тоо толгойн зохицуулалт хийж баримтжуулсан байна. 

Батширээт суманд есдүгээр сарын 12-ноос эхлэн өнөөдрийг хүртэл Онон, Хурх, Барх багуудад айлын хотонд орж мал барих, гэр байшин сүйтгэх, эд материалын хохирол учруулах, ард иргэдийг айдаст автуулах зэрэг нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс хүний амь насанд онц аюултай нөхцөл үүссэн үед хоёр баавгайг устгаж баримтжуулсан байна. БОАЖЯ-ны ажлын хэсгийнхнийг орон нутагт ажиллах үеэр Батширээт сумын Турагтханы энгэрт байх малчин Д-ийнхээс дуудлага ирж ажлын хэсэг газар дээр очиж ажиллан тэр хавийн айлуудаар орж ийм тохиолдолд хэрхэн ажиллах, мэдээлэх талаар зөвлөмж өгчээ.  
Хэнтий аймгийн БОАЖГ, аймгийн ажлын хэсгээс баавгай болон зэрлэг амьтан зөөж тээвэрлэх зориулалтын ачиж буулгадаг төмөр тор болон чиргүүл, амьтан барих тор, амьд баригч зэрэг төхөөрөмж хийж ашиглаж байгаа ажээ. Мөн Хэнтий аймагт энэ намар "Амьтан асран хамгаалах байр" барьж ашиглалтад оруулсан нь бусад аймгууд санаа авах ажил болсон байна. Хэнтий аймгийн хойт талын хөвчийн сумдад энэ намар баавгайн  дайралтаас болж үүссэн хохирол үлэмж болжээ. Батширээт суманд шатахуунд л гэхэд 1.2 сая төгрөг зарцуулж, олон иргэд бод, бог мал, цагаан идээ, амбаар сав, гэр орноо эвдүүлэн хохирсон байна. Баавгайн дайралт одоо тасрахгүй байгаа бөгөөд өчигдөр Өмнөдэлгэр сумын хойт биед айлын гадаа ирсэн баавгайг сумын ажлын хэсэг дайжуулан ойд оруулж дроноор хөдөлгөөнийг нь хянаж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)