UFC-н тулаанчийн охиныг хулгайлсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ

Холимог тулааны UFC холбооны хүнд жингийн тулаанч Уолт Харрисын 19 настай охин алга болоод 20 гаруй хонож байгаа билээ. Уолт Харрис өнгөрсөн сарын 24-ний өдөр олон нийтийн сүлжээнд энэ талаар зарласныг бид тухайн цаг үед нь уншигчдэд хүргэж байсан. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаа нар баривчилжээ. Гэхдээ охиныг одоо болтол олоогүй хэвээр байна. У.Харрис зар тавьснаас хойших гурван долоо хоногт юу болж өнгөрсөн талаар спортс.ру цахим хуудсанд мэдээлснийг хүргэж байна.

 Зар тавигдсан нь тэр дороо олон хүний сонорт хүрч, Цагдаагийн алба зар тавигдсан тэр өдөр эрэн хайх багийг байгуулсан байна. Удалгүй Аня охин 23-ны орой “Chevron” хэмээх шатахуун түгээгүүрийн газар хамгийн сүүлд харагдсаныг тогтоожээ.

Хоёр хоногийн дараа охины машиныг уг ШТС-ын /Монтгомери дүүрэг/ ойролцоогоос олсон байна. Машинд урьд өмнө нь байгаагүй сэв гарч, эвдэрсэн байжээ.   

Аравдугаар сарын 26-нд Уолт Харрисын гэр бүл олон нийтэд хандаж, охиныг нь хайх ажиллагаанд хандив өргөхийг хүсэв. Алабама мужийн амбан захирагч Кей Алвид ч ханджээ. К.Алви охиныг олоход тус болох мэдээллийг өгсөн хүнийг  5000 ам.доллараар худалдаж авах зар тараасан байна. Удалгүй UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт тусламжийн аянд нэгдсэнээр мэдээлэл өгсөн хүнд өгөх шагнал 25000 бол өсөв. Мөн UFC холбооны аварга Жон Жонс аянд нэгдлээ. Шагналын хэмжээ 105 000 ам.доллар болж өслөө.

Гэсэн ч Оберны цагдаагийн хэлтэс охиныг мөнгө олохын тулд албаар ийм хэрэг зохион байгуулсан гэж үзсээр байжээ. Охин алга болохынхоо өмнөхөн хамт нэг өрөөнд амьдардаг охиныхоо фэйсбүүкийн постны доор сэтгэгдэл бичсэн байж. Энэ сэтгэгдэл дээр үндэслээд “Эрэгтэй хүнтэй хамт байх магадлалтай” гэж цагдаагийнхан дүгнэсэн юм байна. Харин Уолт Харрис болон эхнэр Анжела Хейли-Харрис нар үүнийг зөвшөөрөөгүй тул эрлээ үргэлжлүүлсээр байсан аж. “Эцэг эхийн хувьд хүлээн зөвшөөрч чадамгүй зүйл манай хүүхдэд бий. Гэхдээ бид үнэнийг мэдэхийг хүсч байна” гэж тэд хэлж байв.

Арваннэгдүгээр сарын 1-нд Уолт Харрис Алистейр Оверимтэй хийх тулаанаас татгалзаж байгаагаа зарлалаа. Тэрээр ирэх сарын 7-нд UFC Fight night-аар түүнтэй тулалдах байсан юм.

Цагдаа нар Аниагийн хамгийн сүүлд харагдсан газруудын бичлэгийг олон нийтэд цацаж мэдээлэл өгөхийг хүслээ. Тэрээр хамгийн сүүлд үл таних эрэгтэйн хамт машинд сууж байгаа нь бичигдэж үлджээ. Улмаар тэр дүүрэгт /Монтгомери/ амьдардаг Ибрагим Язида гэгчийг баривчилсан байна.

И.Язида нь 2011 онд хар тамхи хадгалсан хэргээр, 2012 онд цагдаагийн албан хаагчийг алахыг завдсан хэргээр тус тус ял эдэлж байсан этгээд байв. Мөн Аниаг алга болох тэр үед өөр мужид хүн хулгайлсан, аллага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа батлан даалтаар гарч явсан байсныг тогтоожээ.

Энэ сарын 7-8-нд шилжих шөнө И.Язидыг Флорида муж улсын нутгаас дайчлан баривчилсан байна. Алабама мужийн шүүхийн шинжилгээний газраас И.Язидийн машины саалонд үзлэг хийж, хүний цус илрүүлсэн бөгөөд нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж. Энэ мэдээлэл цацагдсаны дараа нүдээр харсан гэрч ч гарч иржээ.

Иргэд хүн хулгайлсан, хүн амь зэрэг хүнд хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг батлан даалтаар гаргахыг хориглохыг шаардаж эхлэв. Цагаан ордны албан ёсны цахим хуудаст энэ асуудал тавигдаж ард иргэдээс санал цуглуулж эхэлжээ.   

Гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай этгээдийг ийнхүү баривчилсан ч охиныг одоо болтол олоогүй хэвээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)