Цагаанаас хар руу...

-Арьсны үзэлт социализмыг цогцлоов уу-

Өмнөд Африкийн бүгд найрамдах улс цагаан арьстан фермерүүдийн эзэмшиж байгаа газрыг нутгийн уугуул хар арьст иргэдэд шилжүүлэх хуулийн төсөл батлахаар завдаж байна.  Хуульд цагаан арст фермерүүд өөрийн эзэмшил газрынхаа тодорхой хэсгийг тогтмол үнээр хар арьст иргэдэд худалдах ёстой бөгөөд татгалзах эрхнийг нь хязгаарлаж өгчээ. Одоогоор тус улсад тариалангийн газар нутгийн 72 хувийг цагаан арьст фермерүүд эзэмшиж байгаа юм. Энэ бүх ажиллагаа хар арьст иргэдийн эдийн засагт оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Black Economic Empowerment, BEE”гэх бодлогын хүрээнд явагдаж байгаа бөгөөд барууны орнуудаас шүүмжлэл хүлээж байгаа юм.

ӨАБНУ нь хэдийгээр олон үндэстний улс ч гэсэн цагаан арьстнуудыг нутгийн уугуул иргэдийн газрын булааж авсан гэсэн үзэл хүчтэй оршдог бөгөөд үе, үе идэвхжин тэмцэл хэлбэрээр ил гарч байдаг аж. Тиймээс энэ хуулийг хүн амын дийлэнх олонхийг бүрдүүлдэг хар арьстнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд хийгдэж буй маш том ажил гэж үзэж байгаа юм.  

Ийм хуулийн ард мэдээж тодорхой эрсдэл бий. Хөрш зэргэлдээ Зимбабве улс нь ийм хууль хэрэгжүүлээд нэлээд хэдэн жил болж буй. Р.Мугабе шинэчлэлийг нэлээд хатуу гараар хийсэн учир цагаан арьст фермерүүд бөөнөөрөө дүрвэж, хар арьстнууд нь үйлдвэрлэлээ явуулж чадалгүй улс орныхоо эдийн засгийг сүйрүүлж, өлсгөлөнд нэрдэгдэж байсан түүхтэй. Харин С.Рамафосагийн хувьд үүнээс туршлага авч, хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлдэг цагаан арьстнуудыг өөр улс руу дүрвэчихгүй байлгахад ач холбогдол өгч байгаа аж. Гэсэн ч хууль Ж.Зумагийн үеэс яригдаж байгаа учир цагаан арьст фермерүүд аль хэдийнэ Австрали, Шинэ Зеланд зэрэг улс руу дүрвээд эхэлжээ.

Сайтар мартагдсан хуучин туршлага

“Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ” гэдэг үг бий. Тариалангийн газрыг дахин хуваарилах ажил шинэ зүйл биш бөгөөд Нельсон Мандела төрийн эрхэнд гарч, хар арьстнуудыг эрх ашиг зохих түвшинд үнэлэгдэх болсон 1994 онд анх эхэлсэн байдаг. Гэвч тухайн үед цагаан арьст газрын эзэд өөрсдөө үнэ тогтоож байсан учраас хар арьстнуудын бэнчин дутаж, шинэчлэлийн ажил далайцтай явагдаж чадаагүй ажээ. Тиймээс Ж.Зума одоогоос гурван жилийн өмнө уг үйл явцыг шинэ зохион байгуулалттайгаар үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Шинэ хууль боловсруулахад түүнд хугацаа, туршлага гээд бүгд байлаа. 1994 онд гаргасан хууль тариалангийн зориулалттай бүх газрын 30 хувийг хар арьст иргэдэд эзэмшүүлэх зорилго агуулж байсан ч зорилтынхоо 1/3-ийг ч биелүүлж чадаагүй. Газар шилжүүлэх процесс ч амаргүй байсан бөгөөд 1997-2007 оны хооронд яг энэ асуудлаас болж 1248 цагаан арьстан фермер, газрын эзэд бусдын гарт амиа алдсан байдаг аж. Цагаан арьстан, цагаан арьст фермерийг хар арьстнууд “Бура” гэж нэрлэдэг. Тэгвэл тэр үед “Бураг хөнөө” гэдэг нэртэй дуу гарт ард олны дунд хит болж байсан гэхээр үнэхээр аймшигтай.    

Эрх баригчид маш чухал хуульдаа ганцхан зүйл заалт оруулалгүй “мартсанаас” хар, цагаан арьстнуудын дунд зөрчил үүсч, дээрх эмгэнэлт үр дагаварт хүргэсэн юм. Тиймээс шинэ хуульд газрыг тогтмол буюу нэг үнээр худалдах заалтыг оруулж өгсөн байна.

Энэ хууль ч тийм шулуухан замаар яваад батлагдах гэж байгаа юм биш. Цагаан арьстнууд өмчөөсөө салахыг хүсэхгүй. Хэдий тоогоор цөөн ч тэдний олонх нь дээд зиндааны, чинээлэг давхаргынхан байдаг учир тодорхой хэмжээний лоббиг хийсээр ирсэн нь ойлгомжтой. Үүнийг ойлгож болно. С.Рамафоса хэдийгээр цагаан арьст иргэдийнхээ эрх ашгийг айхтар хөндөхгүй гэж хичээж байгаа ч энэ хууль нь хүн амын цөөнх рүү хийж байгаа хүчтэй дайралт болж байгаа нь дамжиггүй. Ядаж байхад өмнөх Ерөнхийлөгч Жейкоб Зума газрын шинэчлэлтийн талаар  талаар мэдэгдэл хийхдээ гэнэ алдаж “Цагаан арьст иргэд хар арьстнуудаас хулгайлсан газар...” хэмээн буруу үг хэрэглэсэн нь гал дээр тос нэмж, Траансваалийн хөдөө аж ахуйн зөвлөл цагаан арьст фермерүүдийн эрх ашгийг хамгаална хэмээн түүний эсрэг хүчээ нэгтгэсэн юм. Тэдний ярьж байгаагаас үзвэл “Өөрсдөө өөрсдийгөө хамгаална” гэсэн үзэл санааг эрхэмлэж нийтээрээ зэвсэглэнэ гэх мэт ноцтой санаачлагууд ч байгаа юм. Дашрамд хэлэхэд, цагаан арьстнуудын буу зэвсэг эзэмших эрх нь хуулиар баталгаажсан байдаг. Тиймээс шинэ хууль гарсан ч хэрэгжилт нь маш том эрсдэл дагуулж мэднэ гэсэн болгоомжлол байгаа юм.  

Явах уу, үлдэх үү

Тус улсын цагаан арьст иргэд илүү боломж хайн Австрали, Их Британи, Шинэ Зеланд зэрэг гуравдагч орон руу цагаачлах нь сүүлийн үед эрс нэмэгджээ. Тэд наанаа амьдрал хөөж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ амь насанд нь бодит аюул учирсан болохоор л ийм зам сонгодог байна. Өмнөд Африкийн нэрт зохиолч Алан Пэйтоны гэргий Энн эх орноо орхих болсон шалтгаанаа Их Британийн нэгэн сонинд дэлгэсэн нь бий. Тэрээр “Би эх орондоо маш их хайртай, гэвч энд амьдарч чадахгүй нь. Байнга л “Муу юм тохиолдох вий, учраа мэдэхгүй өсвөр үеийнхэн ямар нэг тэнэг зүйл сэдэх вий” гэж эмээсээр залхсан. Цагаан арьстан бидэнд бүгдэд нь л ийм айдас байдаг” гэсэн байдаг юм. Энэ бол цагаан арьстнуудын эх орноо орхих шийдвэрт анхдагч болон дагавар шалтгаан болж нөлөөлдөг нийтлэг хүчин зүйл юм.

Ер нь тус улсын цагаан арьст фермерүүдийн дунд эх орноо орхиход бэлэн байдаг хэсэг бий. Африкийн бас нэгэн улс Конго таатай нөхцөл амлахад ӨАБНУ-ын 1700 фермер эх орноо орхих хүсэлтээ нэгэн зэрэг гаргаж байсан нь үүний нэг баталгаа юм. Энэ бол 2009 оны хэрэг. Конго улс тэдэнд 30 жил газар түрээслэх эрх олгож, ашгийн болон импортын татвараас чөлөөлж, олсон орлогоо ӨАБНУ руу шилжүүлэх боломжийг санал болгосон юм. Мөн 2010 онд Өмнөд Африкийн цагаан арьст фермерүүд Гүржийн эрх баригчидтай хэлэлцээр хийж, тус улсад газар тариалан эрхлэх асуудлаар хэлэлцээр хийж Вильям де Клерк гэгч Гүржид цагаачилсан анхны фермер болж байв.

Гэхдээ мэдээж хэрэг, цагаан арьстнуудын дунд эх орноо орхиж явах хүсэлгүй хүмүүс ч олон бий. ӨАБНУ-ын Ерөнхий сайд асан Хендрик Фервудын (апартейдийн дэглэмийг үндэслэгчдийн нэг гэгддэг) хүргэн Карл Босхоф тэргүүтэй 40 гэр бүл 1990 оны арванхоёрдугаар сард Орания хэмээх хотыг үндэслэн байгуулсан юм. Тэд апартейдийн дэглэм нурж, Нельсон Мандела шоронгоос суллагдсаны дараахан Нил мөрний эрэг дээр 200 мянган ам.доллараар газар худалдан авч, тэндээ төвхнөсөн нь эдүгээ Өмнөд Африк дахь цорын ганц “дан цагаан арьст оршин суугчидтай хот”, “Өмнөд Африкт арьс өнгөний үзэл оршсоор байгаагийн баталгаа” хэмээн алдаршжээ. Хотын туганд ханцуйгаа шамалж буй цагаан арьст хүүхдийг дүрсэлсэн байдаг бөгөөд үүнийг “Хөдөлмөрч байдлыг бэлгэдсэн” тайлбарлах нэгэн байхад “Цагаан арьстнуудын эрх ашгийн төлөө тулалдахад бэлэн байгааг харуулсан” гэх нь ч бий. Ямартай байсан Хар тивийн хамгийн интернациональч улс удахгүй “Хар Гитлер” хэмээн алдаршсан Зимбабвегийн Ерөнхийлөгч Р.Мугабегийн үйлдлийг давтах гэж байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа С.Рамафоса "Газрын шинэчлэлийг үргэлжлүүлэх ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжид сөргөөр нөлөөлөхийг зөвшөөрөхгүй. Бид хоёр дахь Зимбабве болохгүй" гэж дахин дахин хэлж байгаа ч хар арьст иргэдийн эрх ашгийг хамгаалсан байгууллагуудын шахалт эрс нэмэгдэж, дуу хоолой нь өдрөөс өдөрт чангарч байна. Барууны шинжээчид ч ӨАБНУ-ын ирээдүй газрын шинэчлэлийг хэрхэн хийхээс шалтгаална гэж бичсээр байгаа юм.             

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)