Нийтээр нь “шийтгэх”-ийн оронд нийтийн тээврээ шинэчлээч ээ!

Түгжрэлийг захиргаадалтаар шийдэх үү?

Октябрийн баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж нэгэн “коммунист” шийдвэр гаргасан бололтой юм. Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан ёсны сайтад нийтлэгдээгүй ч олон нийтийн сүлжээгээр нэлээд хүчтэй түгээд буй энэ мэдээлэл хэрвээ үнэн бол хотын удирдлагууд түгжрэлийг бууруулах шийдлийг захиргааны аргаас цааш харж чадахгүй байгаа ажээ. Хуучин нийгмийн захиргаадах аргыг хэрэглээд өнөөгийн зах зээлийн чөлөөт нийгэмд хол явахгүй. Энэ нь ч авто машины дугаарын хязгаарлалтыг долоо хоногийн хоёр өдөр болгохыг олон нийт хэрхэн хүлээж авч байгаагаас харагдана.

Дугаарын хязгаарлалт өмнөд хөршийн Бээжин гэх мэт хотуудад хэрэглэж байсан арга. Гэхдээ байнгын бөгөөд улам өргөн хүрээтэй болгон хавтгайруулж хэрэгжүүлэх нь буруу. Түр зуур гал унтраах маягаар ийм захиргааны арга хэмжээ аваад, дараагийн зохистой шийдлүүдээ гаргах учиртай. 2012 онд Бат-Үүл баатар мээр болоод дугаарын хязгаарлалтыг эхлүүлсэн. Энэхүү хязгаарлалт, хориглолтын арга хэмжээтэйгээ зэрэгцүүлээд бусад шийдлүүдээ алхам алхмаар хэрэгжүүлж эхэлсэн бол өдийд түгжрэлийг бууруулчих байв. Харамсалтай нь дугаар хязгаарлаж, нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явдаг болгосноос өөр ажил бараг хийсэнгүй. Хийсэн хэд нь бүгд бүтэл муутай. Хотын дундуур явдаг төмөр замыг ашиглан рэйлбус явуулж эхэлсэн нь төдийлөн үр дүнд хүрээгүй. BRT буюу тусгай замын автобусны зам тавих төсөл 2017 оны тавдугаар сард эхэлсэн ч ганц хүрз шороо овоолоогүй бөгөөд төслийн нэгжийнхэн захиргааны зардал, цалиндаа жил бүр 150 сая төгрөг авсаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй уг төслийн зээлийн хүүг улс төлсөөр л байгаа.  Төмөр замтай огтлолцдог зарим уулзварт нүхэн гарц хийсэн, “Гудамж” төслийн хүрээнд хэд хэдэн уулзварыг шинэчлэн өргөтгөсөн гэсхийгээд түгжрэлийн эсрэг хийсэн ажлууд нь дуусна.

Гэтэл авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох гэж байгаа нь арга ядсан шийдэл. Хамгийн сүүлд Замын цагдаагийн газрын уулзварт төмөр зам дээгүүр давсан гүүр барихдаа төрөөс төрсөн тэрбумтны өмнө төрийн байгууллага хүчгүйдэж, эзэмшлийнх нь ганц дэлгүүрийг яаж ч чадахгүй гацаанд орж байсан атлаа иргэддээ л улсын сүрийг үзүүлж, “гарын чилээгээ” гаргаж захиран дарангуйлж байгаа нь энэ ажээ.

Тээврийн  хэрэгслийн 40 хувь нь хөдөлгөөнд оролцохгүй

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан номд дурдсанаар 2018 оны байдлаар улсын хэмжээнд 970818 тээврийн хэрэгсэл, Улаанбаатарт 537657 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа ажээ. Нийслэлийн гурван хүн тутмын нэг нь тээврийн хэрэгсэлтэй гэсэн үг. Арифметик тооцооллоор бол нэг машинд долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалт хийснээр өдөр бүр нийслэлд байгаа 537 мянган авто машины 20 хувь нь хөдөлгөөнд оролцохгүй байгаа гэсэн үг. Харин хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх юм бол дээрх тоо шууд хоёр дахин  нэмэгдэж, нийт тээврийн хэрэгслийн 40  хувь нь хөдөлгөөнд оролцохгүй болно.

Түгжрэл буурч болох ч иргэдэд асар их хүндрэл үүснэ. Нийтийн тээврийн ачаалал нэмэгдэнэ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн дэд бүтцээ хангалттай шийдээгүйгээс хойш нийслэлчүүд Их, Бага тойруудаа шигдэж чихэлдэж байж л наад захын үйлчилгээндээ залгадаг. Дугаар хязгаарлалаа ч энэ урсгал тасрахгүй.

Тиймээс боломжтой нь хоёр дахь машинаа авах сонголт хийнэ. Боломжгүй нь нийтийн тээврийг сонгоно. Гэтэл хамгийн их хүндрэл, чирэгдэл үүсгэдэг үйлчилгээ бол нийтийн тээвэр. Хотын төвийн Санкт Петербург төв, Хүнсний 20-р дэлгүүр, МУБИС-ийн автобусны буудлуудад ганцхан цаг ажиглалт хийхэд л нийтийн тээврийн үйлчилгээ зорчигчдоос ямар их тэвчээр, зориг, цаг хугацаа, эрсдэл, нерв шаарддагийг харж болно.

Товчхондоо бол 1990-ээд оны эхээр хуучны хэдэн улаан автобусанд чихцэлдэн, чирэгдэн байж хөл залгуулдаг дүр төрх яг хэвээрээ байгаа шүү, эрх баригчид минь. Гэтэл хувийн унаатай иргэдийнхээ 40 хувийг нь өдөр бүр хөдөлгөөнд оролцуулахгүй болгож захиргаадахаар завлаж байгаа нь шуудхан хэлэхэд ядарсан иргэдээ улам дарамталж, шийтгэж байгаа хэлбэр мөн.

Парк шинэчлэлтийн факт

Дахиад тоо баримт түшье. Улаанбаатар хотод нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 аж ахуй нэгж 93 чиглэлд, 768 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 500 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг байна. Хоёр өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэг болбол 537 мянган нийт тээврийн хэрэгслийн 40 хувь нь буюу 215 мянга орчим нь хөдөлгөөнд оролцохгүй болно. Энэ тооны зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэх сонголт хийнэ. Нэг тээврийн хэрэгслийн ард нэг  гэр бүл буюу 3-5 хүн байгаа гэж тооцох юм бол дээрх 215 мянга гэдэг тоо хоёр гурав дахин нэмэгдэнэ. 

Гэтэл нийтийн тээвэр ийм хэмжээний ачаалал нэмж авах чадавхитай юу. Өөрөөр хэлбэл өдөрт 500 мянга гаруй хүнд үйлчилдэг нийтийн тээвэр 215 мянган зорчигчид нэмж  тээвэрлэх боломжтой юу. 

Шууд хэлэхэд боломжгүй. Тиймээс асар их хүндрэл, чирэгдэл үүснэ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас энэ жил 873 буюу 73 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, тус үйлчилгээнээс хасагдахаар байгаа гэдгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал дээр өнгөрсөн наймдугаар сард ярьж байж. Ийнхүү ашиглалтын шаардлага хэдийнэ хангахаа байсан ч хүчээр зүтгүүлж буй 873 автобусны 211 нь их багтаамжийн автобус байгаа ажээ.

Хотын удирдлагуудын хувьд насжилт өндөр, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэн тэргүүний шаардлагатай гэж үзэж байгаа ч оронд нь парк шинэчлэлт хэрхэн хийх нь тодорхойгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийхэд 200 автобус шинээр авах хэрэгцээ байгаа бөгөөд үүнд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан аж.

Нийтийн тээврийн зардлыг 2019 онд өмнөх оныхоос 19.09 хувиар өсгөж 114 тэрбум төгрөг болгож баталсан ч энэ мөнгө нь парк шинэчлэлтэд “падлийгүй” зарцуулагдаж өнгөрчээ. Хачирхалтай нь нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна гэж 200 сая төгрөгийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд сүүлийн 3 жил дараалан тусгасан ч бодитой барьцтай ажил хийгдээгүй гэнэ. Гэтэл ирэх 2020 оны нийслэлийн төсөвт дээрх мастер төлөвлөгөөнд зориулагдсан төсөв дөрөв дэх жилдээ тусгагджээ. 40 хувьтай хэрэгжсэн гэж тайлагнаж байгаа энэ мастер төлөвлөгөө үнэхээр хэрэгжсэн юм бол хотын түгжрэл 40 хувь биш гэхэд дөрвөн хувиар ч болтугай буурмаар санагдана.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд 2020 онд 100 тролейбус авахад, 25 тэрбумыг зарцуулна, үүний 3.7 тэрбумыг нийслэлийн төсвөөс, 21.1  тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлээр авч санхүүжүүлэхээр төлөвлөсөн аж. Төлөвлөх нэг өөр, ажил хэрэг болгож хэрэгжүүлэх нэг өөр.  

Ямар ч байсан өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн салбарт нэг ч автобусаар парк шинэчлэл хийгээгүй нь гашуун үнэн. Тиймээс ирэх онд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхгүй бол тэг зогсолт хийхэд хүрнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлттэй холбоотой олон нийтэд хүрсэн нэг таагүй мэдээлэл нь нэг автобусыг нь 710 сая төгрөгөөр тооцон БНХАУ-аас 1200 гаруй автобусыг нийт 800 тэрбум төгрөгөөр оруулж ирэх яриа хэлцэл хийгдэж байгаа гэх мэдээлэл. Дулаан уур амьсгалтай улс орнуудад зориулагдсан, наад зах нь кондишнгүй гэх мэт олон сул талтай, хэврэг автобуснуудыг өндөр үнээр “шахах” гэж байгаа нь үнэн бол хууль хяналтын байгууллагууд үүнийг шалгаж, таслан зогсоох хэрэгтэй. Нийтийн тээврийн парк шинэчлэлт нэрийн дор улсын 37 орчим тэрбум төгрөг элсэнд асгасан ус мэт алга болсон жишээ бий. Одоо нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа 400 автобусыг 2009 онд 37 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс гарган худалдан авч хувийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр өгсөн ч өнөөг болтол уг мөнгөө эргүүлэн авч чадаагүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Төсвийн тухай хууль зөрчиж хийсэн энэхүү наймаа хэний лоббигоор хийгдсэн, хэнд ашигтай туссан бэ гэдгийг тухайн үеийн эрх баригчид, шийдвэр гаргагчдын ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг сэлтийг харахад тодорхой болно. Хэн хэн нийтийн тээврийн салбарт бизнес эрхэлдэг, эсвэл хувь эзэмшдэг байж вэ гээд хайхад хариулт нь олдоно.

Энэ мэт будлиан, булхай луйвар ордог нь нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхгүй байх шалтгаан биш. Тиймээс парк шинэчлэлтийг даруй хийх ёстой. Ил тод, шударга сонгон шалгаруулалт зарлан орчин үеийн метрополис хотын иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн автобуснууд оруулж ирэхийг нийслэлчүүд бид шаардах эрхтэй. Автомашины улсын дугаараар нь хязгаарлалт хийж нийтээр нь шийтгэхийн оронд нийтийн тээврээ шинэчлэн, сайжруулаач гэдгийг эрх баригчдаас шаардъя. 


Авто машины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгохыг та дэмжих үү.Доорх холбоосоор орж саналаа өгөөрэй.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. manaih uildvereldeg oron bish huuchin mashin tsugluuldag oron tiim bolhoor tugjirch binzen tosoo urj yavsnaas hoyur udur mashinaa tavaid yavgan yavhad buruudahgui bhaa niitiin teeveriig saijiruulsan bhad bolon shuudee ali ch taliig bodson bid zuvhun amin huvia bodood bhad yaj boloh vee hun bur doroo negiig bodood uzeh heregtei ene tugjirelees bolood hichneen hun ajilaasaa hozorch ,turgen tuslamj, gal kamandiin mashin yaraltai ochih gazaraa hichneen hugatsaa aldaj ochidog bilee

    0 0 Хариу бичих
  2. buruu rulitei mashinaa hileer oruulj irehee bolio arai dendlee

    0 0 Хариу бичих
  3. яг зөв. нийтийн тээврээ нэн даруй шинэчилж, сайжруулах хэрэгтэй. хэдий болтол шуудайтай төмс шиг чихэлдэж, шахцалдаж, дүүжлэгдэж явах ёстой юмсбэ ? аль соц нийгмийн үед 1980-аад оны эхээр тийм л байсан, одоо ч яг хэвээрээ.

    1 0 Хариу бичих
  4. торгууль, татвар, эрх хязгаарлалт гээд явж өгөх юм аа. Хэрэв би хувийн өмчөө үндсэн хуульд заасны дагуу өөрийн хүссэнээр ашиглаж чадахгүй юм бол төр ямар хариуцлага хүлээх эсвэл түүнийг орлуулах ямар нөхөн төлбөр олгох юм бэ

    1 0 Хариу бичих
    • ҮХ гэж зүгээр цаасан дээр хараар бичсэн тунхаг бичиг байдгийшд. Чи хууртчхсан уу, өө за хаалга тэнд байна. Нөхөн төлбөрөө төр гээч амьгүй, харагддаггүй, эзэн биегүй нөхрөөр барагдуулаарай хөө гэх нь тодорхой.

      0 0