Энэ өдөр түүхэнд: Хог хаягдлын дахин боловсруулалтын өдөр

Оны 319 дэх өдөр, шинэ он гартал 46 хоног үлдлээ.

1415 - Литовын их ван Витовтын шахалтаар Оросын үнэн алдартны шашин Москвагийн, Киевын митрополи гэж хоёр хуваагджээ. 

1769 - Жеймс Кук Таити арлаас баруун өмнө зүгт нээсэн өмнө нь үл мэдэгдэх Шинэ Зеландын хойд арлыг Британийн эзэмшил гэж зарлажээ.1770 оны эхээр Шинэ Зеландын өмнөд арлыг тойроод Шинэ Зеланд нь хоёр арлаас бүрэлдэж байгааг мэджээ. 

1866 - Бельгийн хаан удмын өдөр. Баярыг II Леопольд гэдэг хоёр дахь хаан нь бий болгосон байна. Баярыг хааны гэр бүлийн ивээч тэнгэр гэх  хувилгаан Альбертад (St. Albert the Great) зориулдаг. Энэ өдөр Бельгийн бүх үндэстний эв санааны нэгдлийн өдөр болдог ба гадаадад байгаа бельгичууд ч тэмдэглэдэг.

1889 - Бразилийн хаант засаг уналаа. Бразилийн далбаан дээр 1889 оны арваннэгдүгээр сарын 15-ны тэр түүхэн өдрийн үүрээр Рио-де-Жанейро хотын тэнгэрт харагдаж байсан одод яг тэр байрлалаараа зурагджээ. Тэр өдөр цэргийнхэн II Педру хааныг буулгасан байв. Хавар нь II Педру Үндсэн хуульт хаант Бразилийг төлөөлөн Парисийн дэлхийн үзэсгэлэнд очиж байлаа. Намраас нь “кофены баронууд” хаангүйгээр болж бүтнэ гэж үзжээ.Тус орон олигархаас ардчилал хүртэл урт замыг туулсан юм.

1904 - Америкийн Кинг Кемп Жиллетт хутгыг нь сольж болох сахлын хутгыг патентлуулав. Үүнээс 11 жилийн өмнө тэр сахлаа хусах гэтэл хутга нь их мөхөө байсныг харан уцаарлаж байхдаа хутгыг бариулд бэхлэх шаардлагагүй  хоёр тал нь иртэй нимгэн төмөр хутгыг хэвтээ ховилд бэхлэх хэрэгтэй  гэсэн санаа түүнд төржээ.

1945 - Олон жилээр америкчуудаас түрүүлсэн немецийн эрдэмтдийг хайж олох “Кулис” ажиллагааны явцад 88 эрдэмтнийг харуул хамгаалалттайгаар АНУ-д авчирсан байна. Тэдний нэг Лондонг бөмбөгдөж байсан “Фау” пуужинг бүтээгч  Вернер фон Браун Америкийн сансрын системийн удирдагч болсон юм. 

1956 - Нью-Йоркт Элвис Преслийн тоглосон анхны кино “Намайг нандигнан хайрла” нэрээр гарлаа. Мэргэжилтнүүд түүнийг "рок-н-роллийн вестерн" гэж нэрлэсэн ба жилийнхээ 10 шилдэг киноны нэг байсан юм. 

1960 - Дэлхийн хамгийн анхны атомын шумбадаг онгоц, хамгийн анхны баллистик пуужинтай, Америкийн “Жорж Вашингтон” Ирландын тэнгисээс 1960 он энэ өдөр байлдааны жижүүрт гарчээ.

1969 - Шоронгоос оргосон хоригдлуудын дунд Гиннессийн дээд амжилтын номонд бичигдсэн гэмт хэрэгтэн бий. Жишээлбэл, 1920 онд шерифын хоёр орлогчийг хөнөөсөн хэргээр шийтгэгдсэн Леонард Т.Фристоул гурван жилийн дараа Неведагийн шоронгоос оргоод Клод Р.Уиллис нэрээр 46 жил чөлөөтэй амьдарчээ. Тэр эрх чөлөөтэй өөд болох бүрэн боломжтой байсан ч 1969 оны арваннэгдүгээр сарын 15-нд хүү нь 77 настай эцгийгээ гэнэтхэн Калифорнийн Комптон хотын цагдаад илчилсэн бариулжээ.

1988 - Иордан улс Иордан голын баруун эргийг эзэмших эрхийг Палестины чөлөөлөх байгууллагад өгсний дараа Алжирт Палестины үндэсний зөвлөл Палестин улсыг байгуулан тусгаар тогтнолоо 1988 оны арваннэгдүгээр сарын 15-нд зарлажээ.Тэр цагаас хойш дэлхийн 100 орчим орон Палестины тусгаарлах эрхийг хүлээн зөвшөөрөөд байна.

1988 - Зөвлөлтийн пуужин, сансрын тээврийн "Энергия" системийн эхлэл болсон “Буран” олон дахин ашиглагдах хөлөг 205 минутын анхны бөгөөд сүүлчийн нислэгээ амжилттай хийлээ.

1997 - Хог хаягдлын дахин боловсруулалтын дэлхийн өдөр

Дэлхий олон оронд  хог хаягдалын хуримтлалын асуудал хурцаар тавигддаг. АНУ-д 1997 онд America Recycles Day гэдэг өдрийг тэмдэглэсэнээс үүдэлтэй  энэ арга хэмжээг олон орнууд тэмдэглэх болсон.  Хог хаягдлыг булшлан далдлахаас илүүтэйгээр түүнийг дахин боловсруулах нь чухал асуудал юм.

Сити-Го-Сан

Японд энэ өдөр бараг 300 жилийн түүхтэй Сити-Го-Сан гэдэг хүүхдийн баярыг тэмдэглэж байна.Сити-долоо, Го-тав, Сан-гурав гэж нэр нь орчуулагдана. Нэг үгээр энэ жил 7, 5, 3 нас хүрч байгаа бүх хүүхдүүдийн баярын өдөр ажээ. Гурав хүрсэн хүүхдүүдэд “үсээ хайрлах” гэсэн камиоки гэдэг уламжлалт ёслолыг хийж хөвгүүдийн үсийг зулайд нь боож, охидын үсийг хоёр талд нь боодог.  Долоо хүрч байгаа охидод кимоногийнх нь”том хүний” бүсийг бүслэх бөгөөд оби-токи гэдэг энэ уламжлал түүнийг том болж буйг бэлгэддэг. Мөн гурав ба таван настай хөвгүүдэд хакама гэх эрэгтэйчүүдийн өмдийг өмсгөдөг байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)