19 мянган иргэнийг ажилд зуучилжээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 10 сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 10 дугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байжээ.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5336 хүнээр буурсан, өмнөх сараас 1503 хүнээр өссөн байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 397 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 200 нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 10 дугаар сард 10222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа аж.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 10 дугаар сарын эцэст 49.6 хувийг бүрэн дунд, 29.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)