Газрын сайн засаглалын туршлага нэвтрүүлэх шаардлага үүсчээ

Иргэдэд газрыг үнэ төлбөргүй өмчлүүлсэн. Гэтэл ихэнх иргэд газраа өмчилж авалгүйгээр хуулийн хугацааг дуусгасан байдаг. Харин хөдөө орон нутагт бэлчээр ашиглалтын маргаан тасардаггүй. Энэ мэт асуудал нь газрын сайн  засаглалын туршлага манай улсад хэрэгтэйг харуулж байна.

Монголын газар зохион байгуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч  Д.Одончимэг “Олон удаа газрын албан дээр очдог гээд тэнд тулгарч байгаа бэрхшээлүүдээс иргэд халгадаг. Зуслангийн болон хашааны газраа иргэд харьцангуй эзэмшин өмчлөөд явж байгаа ч тэдний цаана нөгөө л эмзэг бүлгийнхэн газар өмчилж авч чадахгүй үлдэж байгаа

Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Бэлчээрийн даац хэтэрч байгаа нь өнөөдөр тулгамдсан асуудал болж байна. Мөн малчдын бэлчээрийг уул уурхайд тэдний зөвшөөрөлгүй ашиглах нь орон нутагт түгээмэл байна. Үүнтэй тэмцэхийн тулд малчид хамтраад хэсэг бүлгээрээ сумын засаг даргатайгаа бэлчээр ашиглах гэрээг урт хугацаатайгаар байгуулах хэрэгтэй. Тэрхүү гэрээнийхээ хэрэгжилтийг сумын засаг дарга болон малчид хоёр талаасаа дүгнэдэг жишиг тогтоод явж байгаа”

Уул уурхай болон газар тариалангийн салбар нь хоорондоо үл ойлголцох байдал олон ч  улсад тулгардаг. Энэ тохиолдолд малчид, тариаланчид, уурхайчдын алинд нь тухайн газрыг ашиглуулах вэ гэдэг нь нарийн зохицуулалт шаардсан ажил юм. Тиймээс үүнийг тухайлсан бодлогоор шийдвэрлэж, газрын засаглалын сайн жишээг нэвтрүүлсэн олон жишээ  бий. Тэдгээрээс туршлага судлах ажлыг хамтран хийж байна.

Бодлогын судалгааны төвийн тэргүүн  А.Энх-Амгалан “Манай малчид өнөөдөр бэлчээрээ алдсан тохиолдолд нөхөн төлбөр авдаггүй. Гагцхүү өвөлжөө, хаваржаагаа алдсан тохиолдолд л нөхөн төлбөр авдаг. Тиймээс бид бэлчээр алдсан бол нөхөн төлбөр авдаг эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй байна. Мөн уул уурхай сайн засаглалын хүрээнд ямар нэгэн хайгуул болон ашиглалтын лиценз авахдаа малчидтайгаа зөвшилцдөг, нөхөн төлбөр өгөн ил тод шийдээд явах юм бол дараа нь ямар нэгэн санал гомдол гарахгүй хоёр талдаа ашигтай шийдэгдэх олон улсын сайн туршлага болж байна”

Газар эдэлбэрийн сайн засаглалын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны уялдаа, үр дүнг дээшлүүлэх талаар түншилж, хамтран ажиллах боломжийг ийнхүү эрэлхийлж байна. Үүний тулд хууль эрх зүй болоод бусад чиглэлээр хийх ажлуудаа албаныхан өнөөдөр зөвлөлдсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үнэнийг хэлэхэд газрын албаныхны хүнд суртал, олгож байршил хэмжээ гээд асуудлууд иргэдийг газар өмчилөхөд сөрөг нөлөө үзүүлсэн шүү дээ

    0 0 Хариу бичих