Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө Увсын өмнөд, Завханы нутаг, маргааш өдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Хэнтийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи шөнөдөө Ховд, Говь-Aлтайн хойд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 

2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)