Тэнсэн харгалзах арга хэмжээтэй 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгаж шинжилгээнд хамруулжээ. Шалгалтаар тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 26 хүн дээрх бодисыг дахин хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Үүнээс 4 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг биедээ хадгалж байсан нь илэрсэн тул Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байгаа юм байна.

Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Нийслэлийн прокурорын газраас цаашид дээрх арга хэмжээг тогтмол зохион байгуулж, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахад онцгой анхаарч ажиллах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)