Сурагчдаас хууль бусаар мөнгө хураахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр уламжлагдан иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн зарим үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ажээ.

Шалгалтаар тус сургууль нь “Оюуны чадварын IQ төв" ТББ-ын сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад жилийн 60000 төгрөгийн төлбөртэйгээр зааж, ном сурах бичгийг худалдан борлуулдаг байна. Мөн  иргэн П.Нямхоролоогийн зохиосон 6500 төгрөгийн үнэ бүхий дасгал ажлын монгол хэл, математик 2-ын нэгдмэл агуулгатай номыг худалдан авч сурагчдаар дасгал ажиллуулах, даалгавар хийлгэж, сургалтанд ашиглуулдаг аж.

Түүнчлэн гадаад орноос жуулчин хүлээж авах чиглэлээр зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж буй “Монгол туургатан тур” ХХК-тай тус сургуулийн захирал тохиролцож 2019 оны аравдугаар сарын 09-нд буюу лхагва гаригт өглөөний 10 цагаас 16:30 цагийн хооронд хичээлийн цагаар 4 ангийн 11 бүлгийн нийт 286 хүүхэд тус бүрээс 24 000 төгрөгийн төлбөртэйгээр нийт 6 864 000 төгрөгийн зардлаар хүүхдийн "Янзага" зусланд нэг өдрийн аялал зохион байгуулсан зэрэг үйлдэлүүд нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг тогтоожээ. Тиймээс тус сургуулийн удирдлагад Зөрчлийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх тухай саналыг удирдах дээд байгууллагад нь хүргүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас хууль бусаар мөнгө хураахгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)