“Талын хөх чононууд” Мьянмарыг дахин буулгаж авч чадах уу

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн Мьянмар, Монголын шигшээ багийн тоглолт өнөөдөр 19:30 цагт болно. Хоёр баг өмнө нь Улаанбаатарт тоглоход манай шигшээ баг 1:0-ээр буулгаж авсан билээ.

“Талын хөх чононууд” тоглолтын өмнө Камбожид долоо хоног бэлтгэл хийж, тус улсын шигшээ багтай нөхөрсөг тоглож 1:1-ээр тэнцэн бэлтгэл сайтай байгаагаа харуулсан бол Мьянмар Тажикстаныг 4:3-аар хожиж, нутаг дээрээ сайн тоглодог гэдгээ батлаад байгаа. Энэ тоглолт магадгүй, хоёр багийн хувьд хэсэгтээ эцсийн дүнд хэн нь дээрээ бичигдэх вэ гэдгийг шийдэх хариуцлагатай тоглолт юм.Бооцооны төвүүдэд тавигдсан бооцоог харахад энэ удаагийн тоглолтод Мьянмарын багийг хожих магадлал илүү гэж үзсэн /Мьянмар хожно 1.17, Монгол хожно 14.5, тэнцээ 7.9/ талаар хойд хөршийн https://gazetavb.ru/ цахим хуудаст мэдээлсэн байна. 

Хоёр баг анх таарч тоглоход бид уншигчдадаа Мьянмарын хөлбөмбөгийн хөгжлийн талаар нийтлэл бэлтгэн хүргэж байна. Энэ удаа уг нийтлэлээигй дахин хүргэж байна.  

Мьянмарын хөлбөмбөг

Мьянмар нь 55 сая хүн амтай, хүн амын тоогоор дэлхийд 26, газар нутгийн хэмжээгээр 40 дүгээрт /678500 км2/ эрэмбэлэгддэг Азийн том улсын нэг. Хөлбөмбөгийг үндэсний спортын хэмжээнд хөгжүүлсэн бөгөөд хөлбөмбөгөөр хичээллэгсдийн тоо, ОУХБ-нд бүртгэлтэй хөлбөмбөгчдийн тоогоор /тогтмол хичээллэдэг 1.2 сая хүн байдгийн 130 мянга гаруй нь ОУХБХ-нд бүртгэлтэй / дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг байна.

Алтан үе

Мьянмар улс 1989 он хүртэл Бирм нэртэй байсан бөгөөд хөлбөмбөгийн баг нь Бирмийн шигшээ баг хэмээн нэрлэгдэж, өнгөрсөн зууны 60, 70-аад онд Азийн шилдэг багуудын нэгт тооцогдож байв. Энэ үеийг Мьянмарын хөлбөмбөгийн хөгжлийн “Алтан үе” гэж болох бөгөөд 1966, 1970 оны Азийн наадамд түрүүлж, 1968 онд Азийн цомын тэмцээнд аман хүзүүдэн, 1972 онд Мюнхений олимпод шалгаран оролцож байв. Мөн Азидаа спортын хамгийн том үйл явдлуудын нэг болох Зүүн Өмнөд Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд 1965, 1967, 1969, 1971, 1973 онуудад дараалан түрүүлжээ.

Уналтын үе

Хожим улс оронд нүүрлэсэн улс төр, эдийн засгийн хямрал, улс төрийн дэглэамийн онцлогоос шалтгаалан олон улсын тэмцээнд тэр бүр оролцохоо больжээ. Азид ноёлж байх үедээ ч ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд орж байгаагүй. 1930-1938 оны ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд оролцоогүй бол 1950 оныход оролцохоос татгалзсан, 1954-190 оны сонгон мөн л ороогүй. Ингэж явсаар 2007 онд “ӨАБНУ 2010” ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд оролцоод БНХАУ-д 0:7, 0:4-өөр хожигдсоноосоо хойш дахин оролцолгүй байж байгаад "ОХУ 2018"-аас эхлэн орж, энэ удаа ийнхүү манай багтай таараад байна.

Дахин сэргэлтийн үе

Цэргийн дэглэм нурж, ардчилсан замаар хөгжиж эхэлснээсээ хойш спортоор олон улсад дээгүүр өрсөлдөх амбийц нь илт сэргэсэн. Үүнээс хөлбөмбөг, тулааны спорт нь арай дөнгүүр яваа. Хөлбөмбөгийн тухайд, гадагшаа гарах нь л хязгаарлагдмал байсан болохоос цэргийн дэглэмийн үед ч хамгийн их үзэгчтэй, хамгийн их хөрөнгө оруулалт татсан үндэсний спорт нь байсан учир  тивдээ тэргүүлж асан урьдын байр сууриа эргүүлэн авахаар 2011 оноос бодлоготойгоор хөгжүүлж эхэлсэн юм.

Эндээс Мьянмарын хөлбөмбөгийн дахин сэргэлтийн үе эхэлсэн гэж тооцдог бөгөөд Герман улсын мэргэжилтэн Герд Зейсег авчирсан нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ хүн Мьянмарын хөлбөмбөгийг шинэ шатанд гаргах ажлаа явуулахдаа өсвөр, залуучуудад илүү анхаарал хандуулсан нь одоо үр дүнгээ өгөх цаг ирээд байна. Мьянмарын 19 хүртэлх насны залуучуудын шигшээ баг 2014 оны Азийн АШТ-д амжилттай оролцож, 2015 оны U-20 ДАШТ-д БНАСАУ, Катар, Узбекистаны хамт шалгаран оролцсон нь Мьянмарын хөлбөмбөгийн түүхэнд шинэ түүхийг эхлүүлжээ. Тэр ДАШТ-д хожил авч чадаагүй ч АНУ-тай ойрхон үзсэн нь /1:0-ээр хожиж яваад 1:2-оор хожигдсон/ мьянмарчуудад итгэл өгсөн биз ээ /Энэ багийн бүрэлдэхүүнд байсан тоглогчдын дөрөв нь өдгөө насанд хүрэгчдийнхээ багт багтаж, өнөөдөр манай багтай тоглохоор Улаанбаатарт ирсэн гэсэн мэдээлэл байна/. 

Насанд хүрэгчдийн шигшээ баг нь 2016 онд  AFF Suzuki cup тэмцээний хагас шигшээд үлдэж, аварга болсон Тайландад л ганц хожигджээ.

Хөх чононууд Мьянмарыг буулгаж авч чадах уу

Мьянмарчууд 2016 онд Киргизстанд 1:5-аар хожигдон 2019 оны Азийн цомд тоглох эрхээ авч чадаагүй. “ОХУ 2018” ДАШТ-ий сорилгод ч маш муу тоглосон /БНСУ, Ливан, Кувейттэй хэсгээс гарч чадаагүй/ нь энэ удаагийн тэмцээнд шаргуу бэлтгэх үндэслэл болсон нь тодорхой. Тиймээс Талын хөх чононуудыг өнөөдөр амаргүй тэмцэл хүлээж байна.

Чансааны хувьд Мьянмар манайхаас дээгүүр /ОУХХны чансааны 135/ эрэмбэтэй. Манайх 187. Ур чадварын хувьд Мьянмарын хөлбөмбөгчид хурдаар, манайх биеийн хүчний тоглолтоор давуу талтай гэж мэргэжилтнүүд дүгнэж буй.

Хоёр баг өмнө нь 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглоход Монголын шигшээ талбайдаа 1:0 хожсон ч хариу тоглолтод 2:0-ээр хожигдож, нийлбэр дүнгээр Мьянмар дараагийн шатанд үлдэж байв. Мөн Монгол, Мьянмарын 21 хүртэлх насны залуучуудын шигшээ баг 2017 оны арваннэгдүгээр сард нөхөрсөг тоглолт хийхэд Мьянмар 2:1-ээр хожиж байв.  

Монголын шигшээ баг тоглолтын өмнөх бэлтгэл болгож Унгар улсад 11 хоног бэлтгэл хийж, мэргэжлийн багуудтай хоёр нөхөрсөг тоглохдоо хожиж, хожигдсон бол Мьянмарчууд БНХАУ-д бэлтгэл хийж Хятадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхдээ 4:1-ээр хожигджээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)