Г.Дөлгөөн: Төрийн банкны амжилт бол харилцагчдын маань итгэлийн илэрхийлэл

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн зочноороо Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг урьж ярилцлаа.

Энэ өдрүүдэд Төрийн банкны 10 жилийн ой тохиож байна. Юун түрүүнд танд баяр хүргэхийн сацуу өнгөрсөн 10 жилийн хугацаанд Төрийн банк ямар өсөлт, амжилттай ажиллав гэдгээс ярилцлагаа эхэлье. 

Баярлалаа. Юуны өмнө Төрийн банкны нийт ажилчдынхаа нэрийн өмнөөс төрт улсынхаа өнцөг булан бүрт суугаа монголчуудынхаа амрыг эрэн мэндчилье. Бидэнтэй хамт байдаг харилцагчид болон хамтран ажилладаг байгууллагууддаа, хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Мэдээж өсөлт дэвжилтийн тухайд Төрийн банк чамлахааргүй амжилттай ажиллаж байна. Анх байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. Бид нэг л зарчим барьж ажилласаар өнөөдөртэй золгож байна. Үр дүнд ч хүрлээ. Юу гэхээр мэргэжлийн боловсон хүчин, дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээ шаардлагыг найдвартай, түргэн шуурхай хангаж банкны системд өөрийн хувь нэмрээ оруулах нь манай банкны зорилго. Энэ зорилгынхоо төлөө манай хамт олон тууштай зүтгэсний хүчинд Монгол Улсын тэргүүлэх банкны нэг боллоо. Мөн Төрийн банк Монгол Улсад анх удаа валютын репо хэлцэл хийн гадаадаас хямд эх үүсвэр татан төвлөрүүлж, ногоон зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологийг өөртөө нэгтгэсэн “Гялс”
банк үйлчилгээг санал болгосон. Тоочоод байвал өсөлт, амжилтын тухай олон юм ярьж болох ч ингээд зогсоё. Харин асуувал би дэлгэрүүлж ярьж болох юм. 

Банкны амжилтыг хэмжих хамгийн бодит үзүүлэлт бол өсөлтийн хувь хэмжээ шүү дээ. Энэ талаар тодруулж болох уу. Жишээ нь, танай банк бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards” арга хэмжээнээс “Шилдэг өсөлт” шагналын эзэн болсон. Энэ бол хэдий өнгөрсөн ч гэсэн хавар болсон үйл явдал шүү дээ. 

Энэхүү шагнал Төрийн банкны ажилтнуудын хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүн. Төрийн банкны хувьд 2018 онд нийт активаа 27.9 хувиар өсгөн 2 их наяд 989.9 тэрбум, татан төвлөрүүлсэн хөрөнгөө 30.5 хувиар өсгөн 2 их наяд 716.8 тэрбум төгрөгт хүргэж, нийт зээлийн багцаа 28.3 хувиар өсгөсөн нь ТОП-5 банк дотроо тэргүүлэх үзүүлэлт болсон юм. Мөн Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж, ахуйн хэрэглээний зээлийн хүүгээ бууруулж харилцагчиддаа бага хүүтэй зээл олгож, банкны нөөц дата төвөө үндсэн дата төвөөс 200 километрын зайд байршуулан харилцагчдын мэдээллийн сангаа гал, усны эрсдэлээс хамгаалах нөхцөлийг арилжааны банкуудаас хамгийн түрүүнд бүрдүүлсэн. 

Тэгвэл 2019 онд ямар амжилттай ажиллаж, 10 жилийнхээ ойг ямар амжилтаар угтаж байна вэ? 

Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2019 онд 7.3 хувь, ажилгүйдлийн түвшин 6.6 хувь, инфляцийн түвшин есөн хувь буюу суурь макро орчин тогтворгүй байгаа энэ үед Төрийн  банкны мэргэшсэн ажилтнууд, 500 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан 3.1 сая харилцагчиддаа иж  бүрэн санхүүгийн үйлчилгээг үзүүлж ажилласан. Төрийн банк нь 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 их наяд 93 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 2 их наяд 848 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй, 1 их наяд 831 төгрөгийн зээлийн багцыг амжилттай удирдан, 14.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Мөн Монголбанкнаас нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор арилжааны банкуудад тогтоодог шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаж байна. Тухайлбал, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25 хувиас дээш байх ёстойгоос 41.23 хувь, өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12 хувиас их байх ёстойгоос 15.94 хувь байгаа нь Төрийн банк харилцагчиддаа банкны үйлчилгээг эрсдэлгүй хүргэж байгаагийн
илэрхийлэл. Энэ бол харилцагчдын маань итгэлээс үүссэн өсөлт. Иргэд, харилцагч байгууллагууд маань ард нь төр байгаа учраас Төрийн банкиндаа илүү итгэдэг гэж боддог. Энэ нь судалгаагаар ч харагддаг зүйл юм. 

Таны ярианд Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийж валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн тухай дурдагдлаа. Репо хэлцэл гэдэг нь ямар хэлцлийг хэлдэг юм бэ?

Энэ талаар ярихын өмнө эхлээд Төрийн банкны гадаад харилцааны талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Манай банк гадаадын 11 улсын 20 банктай идэвхтэй хамтран ажилладаг. Эдгээр банкуудын валютын дансаар дамжуулан харилцагчдын болон банкныхаа валютын хэрэгцээ, шаардлагыг хангаж ажилладаг. Үүнээс гадна, банкинд гадаад эх үүсвэр татан төвлөрүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахыг зорьж байна. Энэ хүрээнд Төрийн банк 2018 онд Монгол Улсад өмнө хийгдэж байгаагүй онцлог нэгэн хэлцлийг байгуулж, тодорхой хэмжээний гадаад эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд өмнө нь олон улсын зах зээлд евро бонд гаргах, гадаадын банкуудаас зээлийн шугам авч ашиглах, худалдааны санхүүжилтийн шугам нээх, хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авах зэрэг санхүүжилтийн аргуудыг ашиглан гадаадаас эх үүсвэр татан төвлөрүүлж байсан. Харин манай банкны амжилттай татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хувьд дээр дурдсан аргуудаас эрс ялгаатай. Тухайлбал, манай банк өөрийн эзэмшлийн төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хөрвөх чадвар өндөртэй АНУ-ын бондоор “Олон Улсын своп болон деривативын холбооны мастер гэрээ”-ний (International Swaps and Derivatives Association Master Agreement) дагуу сольж чадсан. Улмаар сольж авсан АНУ-ын бондоо барьцаалан “Олон улсын буцаан худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ”-ний
(Global Master Repurchase Agreement) хүрээнд худалдаж энд яриад байгаа эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн юм. Монголын банкны системд аль нэгэн банк, санхүүгийн байгууллага өмнө нь ийм аргаар эх үүсвэр татан төвлөрүүлж байгаагүй. 

Монголдоо анхдагч болсон гэхээр их сонирхол татаж байна. Энэ процессыг энгийнээр тайлбарлавал уншигчид маань илүү сайн ойлгох байх?

Ер нь бол Төрийн банк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авч байгаа гэж ойлгож болно. Зээл авахад нийтлэг тулгардаг бэрхшээл нь барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байх явдал гэдгийг хүн бүр мэдэх байх. Тиймээс бид эхний ээлжид Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг дэлхийн зах зээлд хөрвөх чадвар хамгийн сайтай АНУ-ын Засгийн газрын бондоор сольсон. Ингэхдээ, өөрийн эзэмшлийн төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг тохиролцсон хугацаанд хямдралтайгаар зарж оронд нь үнийн дүнтэй нь тэнцэх хэмжээний АНУ-ын Засгийн газрын бонд хүлээн авсан. Яагаад Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хямдруулав гэвэл зээлийн барьцааг банкууд тодорхой хэмжээгээр хямдруулдагтай адил юм. Ингээд бид нэгэнт олон улсад хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгөтэй болсон болохоор түүнийгээ барьцаалж дэлхийн хаанаас ч зээл авах боломж бүрдсэн. Барьцаа хөрөнгийн чанар сайжрах тусам авах зээлийн хүү ч дагаад буурах давуу тал давхар бий болсон юм. 

Гаднаас эх үүсвэр татахын давуу тал нь юу вэ. Олон нийт бол гадаад зах зээлд өртэй байхыг сайшаадаггүй шүү дээ?

Төрийн банкны эх үүсвэрийн дийлэнхийг иргэд, аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Харин дотоод зах зээлийн хадгаламжийн хүү харьцангуй өндөр. Иргэд, бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүү үүнийг дагаад өндөр байхаас аргагүй нөхцөл байдал үүсдэг. Гэтэл гадаад зах зээлд эсрэгээрээ. Татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрийн өртөг нь харьцангуй бага тул бизнесийн санхүүжилтийн өртөг дагаад буурдаг. Бага хүүтэй санхүүжилт
авч байгаа бизнесүүд амжилттай цэцэглэх магадлал өндөр. Энэ хэрээр нийт эдийн засгийн өсөлт, эргэлтэд эерэг нөлөө үзүүлдэг. Хамгийн том давуу тал нь энэ. Мөн гаднаас санхүүжилт татсанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэх, дотоодын арилжааны банкуудад ийм аргаар эх үүсвэр татах шинэ боломж бүрдэж байна. Цаашлаад, дотоодын Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжинэ гээд олон давуу талтай. 

Төрийн банк гэдэг давуу талаа ашиглаж Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээл дээр хөрвүүлсэн гэж ойлгож болох уу. Ер нь төр өөрөө арилжааны банктай байхын давуу тал юу вэ?

Төрийн банк бол 100 хувь төрийн өмчит арилжааны цорын ганц банк. Тиймээс төрийн үйлчилгээг харилцагчид шуурхай хүргэхийг зорилт тавин ажилладаг. Төр өөрөө банктай байхын давуу тал их бий. Тухайлбал, Төрийн банк төрөөс иргэдэд олгодог халамж, тэтгэвэр, тэтгэмж гэх мэт 72 төрлийн халамжийн үйлчилгээг ямар нэгэн нэмэлт шимтгэлгүйгээр Монгол Улсын өнцөг булан бүрт байрлаж буй салбаруудаараа дамжуулан иргэдэд хүргэж байна. Хэрэв төр банкгүй байсан бол энэ бүх үйлчилгээгээ иргэдэд хүргэхийн тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай болно. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохыг тулд төрөөс 21 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Харин Төрийн банк төрөөс иргэдэд үзүүлж буй санхүүгийн бүхий л үйлчилгээг Монгол Улсын өнцөг булан бүрт байрласан 500 гаруй салбараараа дамжуулан ямар нэгэн шимтгэлгүй олгож
байна. Мөн Төрийн банк бол цахим банк. Иргэд байр, цахилгаан, кабель, СӨХ гэх мэт хэрэглээний төлбөрөөс гадна нийгмийн даатгал, автомашины торгууль, татвар гэх мэт төлбөрийг ямар ч шимтгэлгүй, банкинд  очихгүйгээр интернэт банкны үйлчилгээ болох “Гялс” банкаар төлөх боломжтой. 

Төрийн банкны 500 гаруй салбар Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж байна гэлээ. Энэ банкинд нийтдээ хэчнээн хүн ажиллаж байгаа вэ?

Төрийн банк 500 гаруй салбар 4000 гаруй ажилтантай. Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд аль болох анхаарахыг хичээдэг. Жишээлбэл, 2018 онд Банкны ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Мөн Банкны ажилтнуудын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 150 орчим ажилтанд 8 хувийн орон сууцны зээлийн эрхийг олгосон. Улаанбаатар болон орон нутгийн нэгжийн ажилтнуудын үндсэн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа. 

Та Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар бараг хоёр жил ажиллаж байна. Ажлаа хүлээн авснаас хойш ямар асуудлууд дээр илүү төвлөрч ажилласан бэ?

Ажлаа хүлээн авснаасаа хойш Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, актив, пассивыг оновчтой удирдах замаар банкны үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийн багцдаа эрсдэлийн сан үүсгэн ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх бодлого барьж ажилласан. Мөн харилцагчаа эрсдэлээс хамгаалах зорилгоор Мэдээллийн системийн аюулгүй байдал нууцлал хамгаалалт PCI DSS нэгдсэн стандартын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж батламж авсан. Түүнчлэн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон мэдээлэл солилцох программ хангамжийг банкны бизнес нэгжүүдийн шаардлагын дагуу хөгжүүлэн нэвтрүүлсэн. Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай корреспондент харилцаагаа өргөжүүлэн Сингапур улсын OCBC банктай шинэ харилцаа тогтоож ам.доллар, сингапур долларын ностро данс, олон улсын санхүүгийн зах зээлд оролцон бонд, валют, хувьцааны арилжаа хийх шинэ суваг нээх зорилгоор Дани улсын Saxo банкинд байгууллагад зориулсан арилжааны данс нээсэн.
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд банкны 19 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүхий орлого, зарлагын 290 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллага болон онлайн салбараараа дамжуулан 3.1 сая харилцагчиддаа санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Манай банк 2018 оны санхүүгийн тайлангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-иар хийлгүүлж, олон улсын зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг шинэчлэн хэтийн төлвийг “Тогтвортой” гэж үнэлүүлсэн. Бид банкны санхүүгийн гол үзүүлэлтээ өсгөх, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, харилцагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн цахим банкны шинэ технологиудыг судлан, хөгжүүлэхийг зорилт болгон
ажилласан. Одоогийн байдлаар эдгээр зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Та Төрийн банкны захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ уншигчид Г.Дөлгөөн гэж яг ямар хувь хүн болхыг төдийлөн сайн мэдэхгүй байх. Тиймээс өөрийгөө уншигчдад дэлгэрэнгүй танилцуулж болох уу? 

Миний хувьд МУИС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн чиглэлээр магистр зэрэгтэй төгссөн. Банк, санхүүгийн системд 11 дэх жилдээ ажиллаж байна. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 

Банк, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан гэж байна. Хаана хаана ажиллаж байсан бэ? 

Ажлынхаа гарааг Монголбанкнаас эхэлсэн. Монголбанкны Төлбөр  тооцоо бүртгэлийн газарт 2008-2010 онд нягтлан бодогч, 2010-2014 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, 2014-2015 онд Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын сангийн ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Харин 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн Польш, Германы Төв банк, ОУВС, Энэтхэгийн Төв банкинд мэргэжил
дээшлүүлсэн. 

Монгол Улсын бүх иргэнд санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй Төрийн банкны Гүйцэтгэх захирлын хувьд ярилцлагын төгсгөлд иргэдэд санхүүгийнхээ боловсролыг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгч болох уу? 

Миний бодлоор санхүүгийн боловсролоо сайжруулах гэдэг нь олсон орлогоо төлөвлөсөн зүйлдээ зарцуулсан эсэхээ мэдэх нь чухал. Төлөвлөсөн зүйлдээ зарцуулсан эсэхээ мэдэхийг хүсвэл нэг сар огт бэлэн
мөнгө ашиглахгүй картаараа бүх төлбөр тооцоогоо хийгээд үз. Тэгээд интернэт анкны хуулгаараа юунд зарцуулснаа харж болно. Санхүүгийн боловсролтой хүн гэдэг бол санхүүгийн төлөвлөгөөгөө зуршил болгосон хүнийг хэлнэ. Тиймээс хүн өөрт тохирсон санхүүгийн зөв зуршил эзэмших нь чухал. 

Манай банкнаас 10 жилийн ойн хүрээнд санхүүгийн боловсролыг багаас нь хэвшүүлэх үүднээс 10 гаруй сургууль болон орон нутгийн шилдэг сурагчдад санхүүгийн боловсролын талаар сургалт хичээлүүдийг орж байна. Мөн Төрийн банкны зүгээс ирээдүй хойч үе, тэндий санхүүгийн боловсролд бага боловч хэрэг болох үүднээс “Боловсрол” суваг телевизийн “Би багш” шоунд хамтран ажиллагчаар оролцож байгаа нь санхүүгийн боловсролыг багаас нь олгохоор чармайж буйн нэг илрэл юм. Үүнээс гадна ганц санхүүгийн боловсрол гэлтгүй нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эко боловсрол олгох тал дээр анхаарлаа хандуулж эхэлсэн. Хамгийн сүүлд гэхэд л Төрийн банк “Хүрээлэн” төсөлтэй хамтран Эко карт гаргаж байна. Монгол Улсын улаан номд орсон ан амьтдын зураг бүхий эдгээр картын орлогын тодорхой хувийг бид хүрээлэн буй орчин, байгаль дэлхий, эх нутгаа ирээдүй хойч үедээ таниулахад зарцуулах юм. Хүрээлэн буй орчноо хойч үедээ таниулна гэдэг бол тэдний боловсролд оруулж буй хувь нэмрээс гадна, эх дэлхийгээ, эх орноо хайрлах, бахархах сэтгэгдлийг төрүүлж буй хэрэг. 

Манай 4000 гаруй ажилтан өөрсдийн санаачилгаар хандив цуглуулан Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн яаралтай тусламжийн төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг авч гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Энэ мэт санхүүгийн боловсрол болоод нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай хамт олон цөөнгүй зүйлийг хийжээ. Тэр бүгдийг энд ярих илүүц байх гэж бодож байна. Ер нь бол манай харилцагчид Төрийн банкны “Гялс” банк үйлчилгээг хэрэглэснээр цаасгүй технологийг дэмжин байгаль дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулсаар байдагт нь талархаж явдаг шүү гэдгийг энэ дашрамд дуулгахад таатай байна. 

Эцэст нь хэлэхэд, 10 жил бидэндтэй хамт байсан нийт харилцагчиддаа, хамтдаа хөгжиж ирсэн санхүүгийн салбарын хамт олон болон Төрийн банкаар овоглож ирсэн бүх ажилтан албан хаагчиддаа ойн баярын мэндийг дэвшүүлье.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)