Хакүхо М.Даваажаргал дараалан унахгүй л бол түрүүлнэ

Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башё өндөрлөхөд гуравхан хоног үлдлээ. Өнөөдөр арванхоёр дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Эндог өвдөглүүлснээр  арваннэгэн даваа, нэг унаатай ганцаар тэргүүлж байна. Түүний араас есөн даваа гурван унаатай комүсүби Асанояма, маэгаширагийн арав дахь бөх Шодай нар нэхэж байгаа юм. Их аварга Хакүхогийн хувьд энэ сарын башёд түрүүлэх нь бараг тодорхой болж байна. Тэрээр үлдсэн гурван өдрийн барилдаанд дараалан хоёр унах юм бол араас нөхөж байгаа хоёр сүмочтой даваа унаа тэнцэж, нэмэлт барилдаан хийхэд хүрнэ. Гэхдээ их аваргын хувьд дараалан өвдөг шороодохгүй л болов уу. Тиймээс түрүүлэх нь тодорхой гэж хэлж болно. Тэгвэл Хакүхо мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 43 дахь удаагаа түрүүлж дээд амжилтаа ахиулах юм.

Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Абид өвдөг шороодсоноор даваа, унаа тэнцүү 6:6 болжээ. Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр өрсөлдөгчөө давсан ч  маэгаширагийн 15-аас босч барилдаж буй тэрээр гурван даваа, есөн унаатай тул жюүрёо руу унах нь тодорхой болоод буй юм.

Жюүрёо зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн хувьд Азүмарү С.Тодбилэг Котоновакаг, Кирибаяма Б.Лхагвасүрэн Кизакиүмиг тус тус давснаар 50-иас дээш хувийн амжилт үзүүлж найман даваа дөрвөн унаатай болсон байна. Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар өнөөдөр өвдөг шороодсоноор даваа, унааны харьцаа 5:7 болжээ. Чоёошима Г.Мөнхсайхан, Хоошорюү С.Бямбасүрэн нар өнөөдөр учраадаа өвдөг шороодож даваа унаа тэнцүү болоод байгаа бол жюүрёог тэргүүлэгчдийн эгнээнд явсан Миторюү Б.Төрболд өнөөдөр учраагаа барсангүй. Тэрээр найман даваа, дөрвөн унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Макүшита зиндаанд барилдаж буй монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганц ч өвдөг шороодолгүй зургаан даваатай болжээ.


Дээд зиндаанд олон жил барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил энэ оны нэгдүгээр сард дээд зиндаанд түрүүлж эзэн хааны цом гардсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)