Доналд Трамптай хэн өрсөлдөх вэ?

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах нам үнэмлэхүй ялалт байгуулж, бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан Доналд Трамп Цагаан ордонд эзэн суув. Сонгуулийн өдрийг хүртэл олон санал асуулгыг хошуучилж, хандивын мөнгөөрөө ч Трампаас хавьгүй илүү байсан Хиллари Клинтон цочирдом ялагдал хүлээсэн. Трампын ялалт Америкийн зарим хэвлэлүүдэд ч гүн цохилт болсон гэж ярьдаг.

Тэгвэл өнгөрсөн оны сонгуулиар Ардчилсан нам Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд олонхи болсноор Цагаан ордонд шахалт үзүүлж эхэллээ. Нэнси Пелоси тэргүүтэй Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын зүгээс Доналд Трамп руу чиглэсэн хамгийн хүчтэй үйлдэл бол импичмент буюу улс төрийн хариуцлага тооцож, огцруулах тухай асуудал. Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимд АНУ-ын Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд мэдүүлэг өгснийг телевизээр олон нийтэд шууд дамжууллаа. Сонсголд дуудагдсан эрхмүүд Доналд Трампыг Украин улсад үзүүлэх 391 сая ам.долларын тусламжийг гацааж, Ерөнхийлөгч Володомир Зеленскийд шахалт үзүүлсэн нь үнэн гэж байна. Гэхдээ Доналд Трампын шулмын ан, Линчийн шүүх гэх мэтээр тодорхойлсон импичментийн үйл явц түүнийг огцруулах түвшинд хүрэхгүй гэдэг тайлбар хүчинтэй хэвээрээ л байна. Учир нь Сенатад Бүгд найрамдах нам олонхи суудалтай учраас намын гишүүд нь Трампын эсрэг санал өгдөггүй л юм бол огцруулах боломжгүй. 

Доналд Трампад хариуцлага тооцож, огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа нь түүний олон нийтийн дундах нэр хүндэд хэрхэн нөлөөлөх бол. Америкийн зарим хэвлэлүүдийн бичсэнээр Трампыг оролдсоноороо Ардчилсан намын нэр хүнд ч өсөхгүй аж. Доналд Трамп яг одоогоор 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай улстөрч. Үүнийг Ардчилсан намын удирдлагууд ч сайн мэдэж байна. Учир нь Ардчилсан намын хүрээнд Доналд Трампын эсрэг хүчтэй өрсөлдөх магадлалтай хэд хэдэн улстөрчийг нэрлэж байгаа боловч намын доторх өрсөлдөөн нэлээд нээлттэй, нөгөө талаар сулавтар өрнөж байна. Одоогийн байдлаар 17 горилогч ирэх оны сунгаанд хүчээ үзнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэдний дотор бусдаасаа илт тасархай улстөрч алга. 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан нам дахь Клинтоны гэр бүлийн ноёрхол төгслөө, шинэ улстөрчид гарч ирэх хаалга нээгдлээ гэж бичиж байв. Гэтэл гурван жилийн дараа дүр зураг төдийлөн өөрчлөгдсөнгүй. Саяхан Ардчилсан намын идэвхтэн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар тун сонирхолтой дүн гарчээ. Нийт судалгаанд оролцсон иргэдийн 22 хувь нь Ардчилсан намын нэр дэвшигчдэд сэтгэл дундуур, өөр шинэ хүнийг хүлээж байгаа гэдгээ хэлж. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн энэ хэвээрээ сулхан өрнөвөл ирэх оны намар Доналд Трампад нам тавиулна гэх маягтай хариулжээ. 

Ардчилсан намын нэр дэвшигчдийн оролцох анхны сунгаа ирэх оны хоёрдугаар сарын 3-нд Айова мужид болно. Саяхан Айова мужийн сонгогчдын дунд судалгаа явуулахад Индиана мужийн Саут Бенд хотын дарга Пит Буттижиж 22 хувийн саналаар хошуучилжээ. Түүний ард дэд ерөнхийлөгч асан Жой Байден (19 хувь), Сенатор Элизабет Уоррен (18 хувь), Сенатор Берни Сандерс 13 хувийн саналаар удаалжээ. Зарим тоймчид Ардчилсан намын нэр дэвшигчдийг гурван зэрэглэлд хуваачихаж. Цувааны эхэнд Жой Байден, Элизабет Уоррен, Берни Сандерс нарын ахмад улстөрчдийг нэрлэв. Удаах эгнээнд Пит Буттижиж, Камала Харрис нарыг, цувааны төгсөлд бусдыг нь бичсэн. Гэхдээ Айовагийн санал асуулгаас үзэхэд Буттижиж тэргүүн эгнээнд бичигдэх ч боломжтой гэмээр. 

76 настай Жой Байден санал асуулгуудыг 30 орчим хувийн саналаар өнгөлж байсан хэдий ч Украинтай холбоотой асуудалд нэр холбогдсоноор санаачилгаа алдчихлаа. Түүний төрсөн хүү Хантер Байден Украины байгалийн хийн компанийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Байден Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенкод шахалт үзүүлж, Бурисма Холдингс компанитай холбоотой авлигын хэргийн мөрдлөгийг зогсоосон гэж Трамп мэтгэж буй. Харин Ардчилсан нам эсрэгээр Трампыг Украинд шахалт үзүүлсэн гэж үзэж байна. Жой Байденд Сенатын гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажилласан арвин туршлага буй. Хэдий тийм боловч уралдааныг өнгөлж чадахгүй, халз мэтгэлцээнд ч тааруухан оролцсон. 2016 онд оюутнуудын сургалтын төлбөрийн өрийг төлнө, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ гэж амлаж байсан 78 настай Берни Сандерс энэ удаа мөрийн хөтөлбөрөө илүү төгс болгосон гэж мэдэгдэж байна. Түүн дээр 70 настай Элизабет Уоррен нэмэгдлээ. Тэднийг Ардчилсан нам дахь зүүний үзэлтнүүд гэж тодорхойлж байна. Үзэл санаа ь тун ойролцоо. Супер баян Америк гэр бүлүүдээс авдаг татварыг нэмж, улсын төсөвт төвлөрүүлээд, оюутнуудын сургалтын төлбөрийн өр, эрүүл мэндийн даатгалын зардлыг төрөөс гаргаж, дэд бүтцэд зарцуулна гэх. 2016 онд Берни Сандерсын санааг популизм гэж тохуурхаж байсан бол эдүгээ түүнийг дэмжигчдийн тоо алгуур өссөн дүр зураг харагдана. Саяхан CNN телевизийн мэдээлснээр АНУ-ын иргэдийн орон сууц, зээлийн карт, сургалтын төлбөр болон бусад зээлийн хэмжээ 14 их наяд ам.долларт хүрчихжээ. Үүнээс орон сууцны зээл 9.44 их наяд, сургалтын зээл 1.5 их наяд ам.доллар болжээ. Сандерс, Уоррен нарын санааг дэмжих иргэдийн тоо нэмэгдсэн гэж ойлгож болох уу. Гэхдээ Америкчууд 2016 онд бизнесийг дэмжинэ, ажилгүйдлийг бууруулна, Америкийн эрх ашгийг эн тэргүүнд тавина, амиа бодно гэж амласан Доналд Трампыг сонгосон. Том бизнесийн эсрэг дайн зарласан улстөрчид ямар дэмжлэг авах бол. Саяхан тэрбумтан Майкл Блүүмберг Ардчилсан намын өрсөлдөөнд нэгдэж магадгүй тухай мэдээлэл цацагдсан. Хэрвээ Блүүмберг нэгдвэл Сандерс-Уоррены үзэл санааг хүчтэй няцаах улстөрч орж ирнэ. Учир нь, 52 тэрбум долларын хөрөнгөтэй Блүүмберг Ардчилсан нам дахь зүүний үзэлтнүүдийн дэвшүүлсэн санааг бизнест харш гэж тодорхойлсон.

Ази гаралтай, технологийн салбарын Эндрью Ян, Калифорния мужийн Камала Харрис, Талси Габбард нар олон нийтэд багагүй танигдсан боловч үндэсний эмжээнд өрсөлдөх түвшинд хүрээгүй биз ээ. Айовагаас өмнө олон улстөрч сунгаанаас нэрээ татах нь тодорхой. Харин энэ долоо хоногт хуучны танил улстөрчийн нэр яригдаж эхэллээ. Хэн гээч, Хиллари Клинтон. 72 настай Хиллари Их Британийн ВВС радиод өгсөн ярилцлагынхаа үеэр хүмүүс намайг сонгуульд өрсөлдөхийг ятгаж буй тухай ам алдав. Би дахин өрсөлдөхгүй гэж хэлээгүй гэж ярина лээ. Яг өнөөгийн дүр зургийг харвал 2020 оны сонгууль 70 настнуудын өрсөлдөөн болох нь ээ. 74 настай Трампын эсрэг 70 настнууд зогсоно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)