Зээлийн хүү бууруулах зохицуулалтыг мөнгөний бодлогод тусгахыг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Уг төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төсөл нь гурван зүйл, хоёр хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд “саарал жагсаалт”-аас гарах төлөвлөгөө, ипотекийн зээлийн санхүүжилт, төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа холбоо, инфляцын түвшин, валютын нөөц, зээлийн хүүг бууруулах асуудал, гадаад өр зэргийг тодруулж байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, М.Оюунчимэг, Я.Содбаатар нар тогтоолын төслийн хоёр дахь заалтад “зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн дэд заалт нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн хуралдаанаар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 2017 оны наймдугаар сарын 21-нд гарын үсэг зуржээ. Дээрх хуулийн төслийг баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ