Билгүүн номч Б.Ринчений мэндэлсэн өдрийг тэмдэглэлээ

Монголын түмний бичгийн их хүмүүн, билгүүн номч Бямбын Ринчений мэндэлсний 114 жилийн ой өчигдөр тохиолоо. Мэндэлсэн өдрийг нь тохиолдуулан Буриад судлалын холбооныхон Үндэсний төв номын сангийн үүдэнд сүндэрлэн буй их эрдэмтний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ. Мөн тус холбооноос эрхлэн гаргасан ном бүтээлүүдээ Үндэсний төв номын санд хандивласан байна.

Еншөөбү овогт Бямбын Ринчен Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Тэрээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Нэрт эрдэмтэн бээр 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон байна.

Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч энэ их хүмүүн 1905 оны арваннэгдүгээр сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булсарай хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр Бямбын Ринчен хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ.

Билгүүн номч Б.Ринчен монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг ялгуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ.

Тэрчлэн зохиолч Д. Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринчений ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен "Цогт тайж" киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг анх хүртэгчдийн нэг болсон билээ. "Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Гүнж", "Сандоо амбан", "Их нүүдэл", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа", "Ану Хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. Түүний “Yүрийн туяа” гурвалсан романыг орос, чех хэлнээ орчуулсан. Б. Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс Монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 оны гуравдугаар сарын 4-ний өдөр таалал төгсжээ. Бямбын Ринчений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгосон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)